Эх орны хишиг хүртэхэд тань бэрхшээл учирсан бол “тусгай утас” уруу залгаарай
Эх орны хишиг хүртээх ажил зарим дүүргийн цөөн хороод дээр зохион байгуулалтын зүгээс бэрхшээл учирч байна. Харин ихэнх нь зохион байгуулалт сайтай, хүн хүч гарган, уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.
Эх орны хишиг хүртээх ажлын тухай иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөхгүй байгаагаас иргэдэд үйлчилж байгаа анхан шатны нэгж байгууллагууд буруу мэдээлэл өгөх дутагдал гарч байгаа аж. Тухайлбал хогны мөнгөө өгөөгүй бол хувь хишиг хүртэхгүй, хүүхэд 16 нас хүртэл бүртгэнэ. Хэрэв 18 нас хүрсэн бол бүртгэхгүй, өлгийтэй хүүхдийн зураг авахуулна гэх зэрэг ташаа мэдээлэл гарч байна.
Үнэндээ бол иргэд иргэний үнэмлэхээ хуулбарын хамт, хүүхдүүд төрсний гэрчилгээ хуулбарын хамт байхад болно. Хүүхэд бол 0-5 насныхан зураггүй байхад болох бөгөөд хаягийн зөрчилгүй, бичиг баримтын зөрчилгүй байхад хангалттай юм. Мөн гадаадад байгаа болон хэвтрийн өвчтэй иргэн итгэмжлэл хийлгэх хэрэгтэй юм байна.
Бүх сум дүүрэг хороодод байгаа банкны салбарууд хагас бүтэн сайн өдөр уртасгасан цагаар ажиллахаар болсон. Иргэдэд зөв мэдээлэл хүргэхийг зорьж, сургалтад хамруулж ажиллууллаа. Дүүрэг хороодод тулгамдаж байгаа асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж байхыг зорьж байна.
Иргэд үүсээд байгаа бэрхшээлтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэхэд зориулж нээлттэй утас 261666; 263673 дугаарууд руу холбогдон хандах хэрэгтэй ажээ. Хүний хөгжил сангаас иргэдэд хишиг хүртээх ажилтай холбоотой асуудлаар иргэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг дээрх хоёр утаснаас авах бололцоотой юм байна.
Энэ дутагдалтай, алдаатай мэдээллийг НХХЯ-ны сайд, дэд сайд болон харъяа байгууллагуудын ажилтан мэргэжилтнүүд дүүрэг хороодод давхар хяналт тавьж, ямар дутагдал зөрчил илэрч байна, ямар мэдээллээр хангах ёстой юм гэдэг дээр анхаарч ажиллаж байгаа ажээ.