Европын Холбоо 200 мянган еврогийн тусламж өгөхөөр болов
2010.02.05

Европын Холбоо 200 мянган еврогийн тусламж өгөхөөр болов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын комиссын Ерөнхийлөгч Х.М.Барросо нар уулзсаныхаа дараа, хэвлэлийн бага хурал хийлээ.gggggggggggg

Х.М.Барросо:
-Өнөөдөр би ардчиллын үлгэр жишээ болсон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 20 жилийн өмнөөс ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө шийдвэртэй ажиллаж эхэлсэн дэлхийд танигдсан лидер бөгөөд 2009 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш хүний эрхийг хамгаалахад чиглэсэн олон шийдвэр гаргаж байгаагийн нэг том жишээ нь цаазаар авах ялаас татгалзаж байгаа тухай мэдэгдэл юм. Монгол Улсын жишгээр өөр бусад улсууд ч мөн цаазаар авах ялыг халах болно гэдэгт би итгэлтэй байна.

Монгол Улс Европын Холбооны хамтын ажиллагааны хүрээнд олон зорилт байгаа бөгөөд тэдгээрийн дотроос, Европын түгээмэл стандартыг нэвтрүүлэх талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилж, энэ талаар бүх шатанд ярьж байгааг бид талархан дэмжиж байгаа.

Өнгөрсөн жилийн 9-р сард бид НҮБ-д уулзаж, хамтран хурал даргалж байлаа. Дараа нь Уур амьсгалын асуудлаар Копенхагенд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр мөн уулзаж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн сөрөг нөлөөллийг багасгах талаар маш тодорхой саналтай, идэвхтэй байр суурьтай байгаад би мөн талархаж байна.

Манай Европын холбоо, Монгол Улсын хооронд байгуулах түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээг байгуулах эхний уулзалт хэлэлцээр амжилттай боллоо гэж би дүгнэж байна.

Бид Монгол Улсад жил бүр үзүүлдэг тусламжийн хэмжээгээ 40 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Монгол Улсад энэ жил өвөлжилт хүндэрч, байгалийн гамшиг нэрвээд байгаа тул малчдад зориулж, зудыг хүндрэл багатай даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 50 мянган еврогийн тусламж үзүүлэхээр шийдсэнийг мөн мэдэгдэж байна.

Бид ардчилал гэсэн нэгдсэн нэг үнэлэмжтэйгийн хувьд цаашдаа бидний хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин, хөгжинө гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж мэдэгдлээ.

Ц.Элбэгдорж:
“Монгол Улс бол бүс нутагтаа ардчиллын загвар болсон улс. Биднийг дэмжиж, хүнд цаг үед ямагт туслан, хамтран ажиллаж ирсэн Европын холбоонд бид талархаж байна. Өнөөдөр ч мөн монголын малчдад, зуданд нэрвэгдсэн ард түмэнд тусалж байгаа та бүхний дэмжлэг, бидний хамтын ажиллагааны нэг илрэл юм.Өнөөдөр, бидний түншлэл нэг шатаар ахиж байна гэж үзэж байна” гэлээ.

Европын комиссын Ерөнхийлөгч Х.М.Барросо , Монголын өдөр тутмын “Өнөөдөр” сонины сэтгүүлчийн асуултанд хариулахдаа , монголд европын стандартыг нэвтрүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэх болно гэдгээ илэрхийллээ. “Өнөөдөр 27 орон нэг дүрмээр тоглож, нэг хэлээр ойлголцож байна. Хөгжлийн түвшин нэг ижил болоход нэг стандарттай байх нь чухал юм гэдгийг Европын холбоо харуулж байгаа. Тиймээс би Монгол Улсын зарим салбарт ЕХ-ны стандарт нэвтэрч, улмаар хөгжлийн ижил түвшинд ирэхийг хүсч байна” хэмээн онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын Холбоонд хийсэн энэхүү айлчлал нь зорилгоо хэрэгжүүлж чадлаа гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. “Монгол Улсын Ерөнхийлөгийг Европын парламентын Ерөнхийлөгч И.Бүзек, Европын комиссын Ерөнхийлөгч Х.М.Барросо, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Ван Ромпуй нар хүлээн авч уулзаж байгаа нь, манай хоёр талын харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах улс төрийн хүсэл зорилго байгаа гэдгийг харуулж байна” гэж тэрээр дүгнэн хэллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.