УИХ-ын дарга "ухаантай"....
2010.02.05

УИХ-ын дарга "ухаантай"....

УИХ-ын 1 сарын 29-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 2009 оны намрын чуулган завсарлаж байгаатай холбогдуулан,  2010 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд зарим бодлогын шинжтэй чухал хуулиуд яагаад батлагдахгүй, хэлэлцэх асуудлыг жагсаалтад орохгүй байгаа лавлаж байв.  Зарим гишүүд өөрийн санаачилсан хууль хаана явааг бие биеэсээ асуу, хариултгүй мухардаж байлаа.  Учир нь Засгийн газарт санал авах гэж өгсөн хууль хаана яваа нь мэдэгдэхгүй гацчихаад байгаа ажээ. Харин хуралдааны үеэр энэ асуултад хариулах Засгийн газрын  гишүүд байхгүй байсан нь гишүүдийн бухимдлыг ихээхэн төрүүлсэн юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир Засгийн газрын сайд нарыг оруулж ирэхгүй, гишүүдийн асуултад хариулах хүн алга байна гээд УИХ-ын даргад гишүүдийгээ ингэж доромжилж болохгүй шүү хэмээн анхааруулж байлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт гишүүн өөрийнхөө өргөн санаачилсан  “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-өө хаана явааг “эрэн сурвалжиллаа”. Гэтэл УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүнтэй яг адилхан энэ хуульд өөр нэг өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачлан боловсруулсан Д.Ганхуяг гишүүнийг “гишүүн асууж байна хариул” гэлээ. Үүнд Д.Ганхуяг гишүүн ихэд олзуурхан УИХ-ыг даргыг ухаантайг онцолж, үг хэлэх боломж олдсон дээр нь гээд өөрийн санаачилсан хуулийн төслөө танилцуулаад авна лээ. Харин гишүүдийн асуултад хариулах хүнээ олж ядан зовлон нэгтэй, адилхан хууль санаачилсан хоёр гишүүнийг  бие биенийхээ асуултад хариулахыг шаардан суугаа Д.Дэмбэрэл даргыг  харж суусан гишүүд танхимд инээдэм болж байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.