Сар шинээр хэрэглэх хүнсээ зөв сонгохыг санууллаа
Сар шинийн баяр дөхөж чанарын шаардлага хангахгүй бараа, бүтээгдэхүүнээ үнэ хямдруулан зарж борлуулах, зарим бүтээгдэхүүний үнэ ханш өссөнөөс хямд үнэтэй, хуурамч бүтээгдэхүүн худалдаалах явдал хяналт шалгалтаар удаа дараа илэрч байна.
Монгол улсын мэргэжлийн хяналтын байгууллагаас сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд, худалдан авагч Та бүхэндээ дараах зүйлийг сэрэмжлүүлэг гаргасан байна. Энэхүү сэрэмжлүүлэгт:
- Ард иргэдийг бараа бүтээгдэхүүн авахдаа шошго, огноог харахаас гадна хадгалах нөхцөл зэргийг харах
- Түргэн гэмтэж чанар байдлаа алддаг майонез, өндөг, крем гэх мэт бүтээгдэхүүнийг ил задгай газраас авахгүй байх
- Хоол үйлчилгээний газрын хэрэглэж байгаа түүхий эдийг чанар аюулгүй байдлыг хангасан гэсэн баталгаажилтын холбогдох бичиг баримтыг үзэх
- Мах махан бүтээгдэхүүн худалдаж авахдаа мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг нягтлах зэргийг анхаарч худалдан авахыг сануулсан байна.
Хүнсний бүтээгдэхүүний өнгө, үнэр, хэв төлөв байдал өөрчлөгдсөн байвал худалдан авахгүй, мэргэжлийн байгууллагат хандаж мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Мөн ард иргэд гэртээ хүнсний бүтээгдэхүүнийг зөв хадгалж, бүрэн боловсруулж хэрэглэх, хоносон хоол, удаан хадгалсан, хөлдсөн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Ард иргэд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” Монгол улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “худалдан авагч нь худалдагчаас тухайн бүтээгдэхүүний чанар аюулгүйн баталгааг шаардан үзэх эрхтэй” гэж хуульчилсан байдаг тул та эрхээ зөв эдлэн эрсдэл хүлээхгүй байхыг сануулсан байна.