"Японы газар хөдлөлтөд тэсвэртэй, бат бөх барилга барьж буй туршлагаас суралцаж ирнэ"
Монголд "Инженер, технологийн дээд боловсрол" төсөл арав дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ төслийн хүрээнд оюутнууд ШУТИС-д хоёр жил суралцаад, гуравдугаар дамжаанаасаа Япон Улсын Консорциумын 10 их сургуульд суралцдаг. Улмаар Барилга, хүрээлэн буй орчны инженер, Архитектур, Механик инженерийн хоёр хорны хос дипломтой мэргэжилтэн болж төгсдөг онцлогтой.
Төслийн хүрээнд 2014-2024 он хүртэл 10 жилийн хугацаанд Япон улсад 1,000 инженер бэлтгэх зорилготой. 2023 оны байдлаар бакалаврын хамтарсан хөтөлбөрт 240 оюутан Японд суралцаж төгсөөд эх орондоо ирж мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа бол одоогоор Японд 48 оюутан сурч буй юм. Бакалавр, магистр, докторын үндсэн гурван хөтөлбөрт нийтдээ 876 оюутан, судлаач, багш хамрагджээ.
Тус төслийн бакалаврын хамтарсан хөтөлбөр болон магистрын хөтөлбөрт хамрагдаж Япон Улсад суралцах болзол хангасан 12 оюутанд батламж гардуулах арга хэмжээ өнөөдөр /2023.03.27/ БШУЯ-д боллоо. Арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт сайд Кобаяши Хироюки, ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, оюутнуудын эцэг эхийн төлөөлөл оролцов.
"МАТЕМАТИК, ФИЗИКИЙН ХИЧЭЭЛДЭЭ ИЛҮҮ ШАМДВАЛ ХҮН БҮРД БОЛОМЖ БИЙ"
Хөтөлбөрт тэнцэн суралцаж, энэ долоо хоногийн ням гарагт Япон улсыг зорих гэж буй Э.Маралгоо "Би 2019 онд анх ШУТИС-ийн 2+2 хосолсон хөтөлбөрөөс энэхүү "1000 инженер" хөтөлбөрт хамрагдсан. Ингээд 2.5 жил суралцаад, шалгалт өгч тэнцээд Японд суралцахаар явж байна. ШУТИС-аа төгссөн. Одоо Японд очоод 2.5 жил сураад хос дипломтой болно. Суралцаж ирээд өөрийн сурсан архитектур мэргэжлээрээ эх орондоо ажиллана.
Япон улсаас, тэр дундаа барилгын салбараас нь суралцах зүйл маш их байгаа. Тэнд хэрхэн газар хөдлөлтөд тэсвэртэй бат, бөх барилга барьж буйгаас суралцах нь хамгийн чухал гэж бодож байна. Сурсан бүхнээрээ ирээдүйд Монгол Улсынхаа барилгын салбарын хөгжилд хувь нэмэр оруулна. Зөвхөн энэ хөтөлбөр гэлтгүй инженер мэргэжлээр суралцахыг хүсэж байгаа бол математик, физик зэрэг хичээлдээ илүү шамдаад, өөрийгөө сориод үзвэл хүн бүрд боломж нээлттэй" гэж ярилаа.
"МУУ СУРВАЛ ХАСАГДАХ ТУЛ ЭНЭ ХӨТӨЛБӨР ТИЙМ Ч АМАР БАЙГААГҮЙ"
Б.Батбилэг мөн л 2019 онд арванхоёрдугаар ангиа төгсжээ. Тэрбээр төгсөх ангидаа энэ хөтөлбөрийн талаар олж мэдэж, оролдоод үзсэн аж. Тэрбээр "Гадаадад боловсрол эзэмшээд Монголдоо ажиллая гэж бодож ЭЕШ-ын босго оноог нь даваад ШУТИС-т элсэж орсон.
Миний хувьд энэ хөтөлбөрт тэнцэж, суралцах тийм ч амар байгаагүй. Муу сурч болохгүй, хэрэв муу сурвал хасагдаад явдаг журамтай. Тийм болохоор Япон хэлээ ч тэр, бусад хичээлдээ сайтар шамдахгүй бол хасагдаад явах магадлалтай учраас хамаг сайнаараа хичээсэн. Энэ хөтөлбөр үүгээр ингээд дуусаж байгаа, сүүлийн оюутан болж байгаадаа баяртай байна.
ШУТИС-д би барилгын инженер мэргэжлээр сурсан. Японд 3-4 дүгээр курсдээ инженерийн салбарын мэргэжлүүдээс сонгоод суралцаж болох юм билээ. Энэ маш давуу талтай. Япон бол техник, технологи маш өндөр хөгжсөн орон. Үүнээс суралцана. Мөн сахилга бат, соёл, хийсэн шиг хийдэг байх зан чанар гээд тэр бүх зүйлийг сураад эх орондоо ирнэ" гэв.
"ТӨГСӨГЧИД МОНГОЛЫН ТОМООХОН КОМПАНИУДАД АЖИЛЛАЖ БАГАДАА 2 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВЧ БАЙНА"
"Инженер, технологийн дээд боловсрол" төслийн 4,5 дугаар ээлжээр Япон Улсад суралцсан 105 оюутан маргаашаас эх орондоо ирэх аж. Тодруулбал, өчигдөр 37 хүн ирсэн бол маргааш 38, энэ сарын 29-ны онгоцоор 37 нийт 105 оюутан эх орондоо ирэх нь.
Бакалаврын хөтөлбөрөөр Японд суралцсан оюутнууд Монголдоо ирээд бүгд ажилд оржээ. Одоогоор есөн оюутан ажлын байраа сонгохоор түр хүлээж буй юм байна. Судалгаагаар энэ хөтөлбөрөөр төгссөн оюутнууд Оюутолгой, Тавантолгой гэх зэрэг монголын томоохон компаниудад ажиллаж буй бөгөөд багадаа 2 сая гаруй төгрөгийн цалин авч байгааг төслийн зохицуулагч Д.Намсрай мэдээллээ.
Төсөл 1 жилээр сунгагдсантай холбогдуулан сүүлийн элсэлтийн оюутнуудад дахин шалгалт өгөх боломж бүрдэж өнөөдөр 3 оюутан шилжин суралцах эрхээ авлаа.