Гадаадаас ирсэн залуус Монголдоо өндөр цалинтай ажиллах боломж ойрхон байна
“Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хууль"-ийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган зарчмын хувьд дэмжиж, УИХ-д өргөн барихаар тогтов.
Энэ тухай НХХЯ-ны сайд Т.Ганди “Гадаадад ажиллах хүч гарахад “квот тогтооё” гэж энэ хуулийн төслийг боловсруулсан. Дандаа гэр бүл болох насны, нөхөн үржихүйн насны идэр залуусыг гадаадад ажиллуулахаар явуулж байна гэдэг. Залуусыг гэр бүлээр нь явуулах ч юм уу, ямар байдлаар квотыг тогтоож өгөх вэ, гадагшаа ажиллахаар явж буй залуус нийт залуучуудыг хэдэн хувийг эзлэх ёстой вэ гэх зэрэг энэ харьцааг бодлогын түвшинд авч үзэх хэрэгтэй байгааг энэ хуулиар зохицуулахаар болж байна” гэлээ.
Гадаадад ажиллаж байгаад ирсэн залууст Монголдоо ажлын байр олдохгүй бэрхшээл учирдаг. Гадаадад ажиллаж байсан залуус тодорхой хэмжээнд мэргэжлийн ур чадвартай болсон байдаг. Энэ бүгдийг харгалзан үзэж Монгол улсын НХХЯ Солонгосын ажил олгогч эздийн холбоо, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамтай тоот бичиг солилцсон байна. Энэхүү тоот бичигт тодорхой хэмжээний техникийн чадвар мэдлэг эзэмшсэн залууст мэргэжлийн зэргийг үнэмлэх олгоно уу гэсэн хүсэлт гаргасан байна. Хэрэв Солонгосоос тухайн иргэдэд мэргэжлийн зэрэгтэй үнэмлэх олгосон тохиолдолд Монгол улс бүрэн хүлээн зөвшөөрч баталгаажуулах чухал байна.
Гадны ажилчдыг олноор нь оруулж ирэх, татвараас хөнгөлүүлэх, гадны ажилчдын дийлэнхийг Хятад улсын иргэд ирдэг гэсэн шүүмжлэл ард иргэдийн дунд олон гардаг. Энэ хуулиар гадаадаас ажиллах хүч оруулах болон гадаадад ажиллах хүч гаргах асуудлыг нэлээд нягт нямбай авч үзсэн байна.
Барилга зам тээвэр, дэд бүтэц, төмөр зам барихад ажиллах хүчний эрэлт хэрэгцээ их гардаг. Аж ахуй нэгж байгууллагуудын хооронд байгуулсан гэрээнээс илүү ганцхан шугмаар буюу Засгийн газар, Засгийн газрын хооронд гэрээ байгуулж, аж ахуй нэгж, агентлагтай, агентлаг яам хооронд хийсэн янз бүрийн гэрээ хэлэлцээрийн урсгалыг цэгцэлж өгөх хуулийн шинэчилсэн найруулга орж байгаа аж.
НХХЯ-ны сайд Т.Ганди “Гурван жил ажиллаад ирсэн залуус мэргэжил, мэргэшилтэй боллоо гэсэн үнэмлэхтэй болно гэдэг Монголын хөдөлмөрийн зах зээлд асар том хөрөнгө оруулалт болно. Гадаад улсаас мэргэжлийн үнэмлэхтэй ирсэн залуусын дотооддоо гадны хөрөнгө оруулалт бүхий байгууллага аж ахуй нэгжид ажиллуулах бололцоотой, эрэлт хэрэгцээтэй байх механизмыг бүрдүүлье гэж судалгаа хийж Засгийн газарт өргөн барьсан. Одоо УИХ-д өргөн барихаар боллоо ” гэсэн юм.