Ерөнхийлөгч аймаг, нийслэлийн Засаг дарга нартай уулзав
2010.02.10

Ерөнхийлөгч аймаг, нийслэлийн Засаг дарга нартай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж аймаг, нийслэлийн Засаг дарга нартай уулзаж цаг үеийн асуудлаар санал солилцлоо.
zd_nar
Ерөнхийлөгч энэ үеэр өвөлжилтийн байдал, зудын хүндрэлийн талаар мэдээлэл сонсож, орон нутагт мал аж ахуй, хөдөө аж ахуйн шинэ бодлого хэрэгжүүлэхэд Засаг дарга нарын зүгээс ямар санал санаачилга гаргаж байгааг харилцан ярилцлаа.

Аймаг, нийслэлийн удирдлагууд Төрийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хууль нь төсөв хэмнэх биш, зарцуулах сонирхлыг улам дэвэргэсэн, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь цаг үеэсээ хоцорсон, өөрчлөх шаардлагатай байгаа зэргийг онцлоод орон нутагт санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чухлыг жишээгээр тайлбарлалаа.

Тухайлбал Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Бямбажав одоо хүчин төгөлдөр үйлчилж буй төсвийн хуулиуд нь зардал хэмнэх биш үрэлгэн бодлогыг дэмжиж буйг ярьж байв. Харин Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат бэлчээрийн даац, хүрэлцээ муудсан энэ үед бэлчээрийг малчдад эзэмшүүлж, малын тоо толгой, хүн амд тохирсон зөв менежмент хэрэгтэй байгааг онцоллоо. Түүнчлэн тэрбээр орон нутгийн компаниудыг төрийн өмчит, хувийн өмчит гэж ялгалгүй татвар, санхүүгийн эрх тэгш боломж олгох ёстойг хэллээ.

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав Төсвийн хуулийн бодлого алдаатайн дээр Сонгуулийн хуулиа өөрчлөхгүй бол УИХ-ын дөрвөн гишүүнтэй аймаг гэхэд л таван Засаг даргатай мэт нөхцөл үүсч буйг шүүмжлэв. Харин Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга И.Доржсүрэн төсвийг орон нутагт тэнцвэржүүлэх, тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэлд хяналт тавьдаг тогтолцоог хэрэгтэй гэлээ.

Дундговь аймгийн ИТХ-ын дарга Ц.Мөнгөнцоож Дэлхийн банкны тогтвортой ажиллагаа, НҮБ-ын орон нутгийн сайн засаглалын хөтөлбөрүүд хөдөө орон нутагт сайн хэрэгжиж байгаа, цаашид энэ мэт үр ашигтай төсөл хөтөлбөрүүд орон нутагт хэрэгтэй байгааг онцолсон төдийгүй орон нутгийн хүрээний жижиг асуудлыг бие даан шийдэх боломж байхгүй байгааг Төрийн тэргүүнд уламжлав. Энэ мэтээр Засаг дарга нар Ерөнхийлөгчийн тавьсан асуулгын хүрээнд болон бусад сэдвээр нээлттэй ярилцаж зарим сумыг нэгтгэх, малыг даатгалд хамруулах, зудад нэрвэгдсэн малчдын амьжиргааг сайжруулах, орон нутагт шинээр төсвийн эх үүсвэр олгох, захиргааны хэт босоо удирдлагыг уян хатан болгох, үндэсний компаниудаа татварын бодлогоор дэмжих, баруун бүс нутагт газар тариалангийн шинэ аян эхлүүлэх зэрэг бодитой санал тавьж, шийдвэрлүүлэхийг хүслээ.

Ерөнхийлөгч эдгээр асуудлыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгож, зохих шатанд нь шийдвэрлүүлэхээ мэдэгдэж, хаана хаанаа хариуцлагын тогтолцоог бүрдүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөлөө.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.