Хүний наймааны эсрэг олон улсын хурал эхэллээ
Хүний наймааны асуудлаар "Орчин цагийн боолчлолтой тэмцэх нь: Үндэсний, бүс нутгийн болон олон улсын туршлага" сэдэвт олон улсын шинжээчдийн хурал өнөөдөр Гадаад Хэргийн Яаманд эхэллээ.
Энэхүү хурлаар өнөөдөр "Хүний наймааны эсрэг Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээ, хэтийн төлөв" сэдвээр НХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Энхтуяа, "Олон улсын шилжилт, хөдөлгөөний байгууллагын төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол улстай хамтран ажиллаж байгаа байдал" сэдвээр Олон улсын шилжилт, хөдөлгөөний байгууллагын зөвлөх, бие даасан шинжээч Рут Розенберг илтгэл тавих аж. Мөн "Шүүхээс хүн худалдаалах гэмт хэргийг таслан шийдвэрлэж буй өнөөгийн байдал, анхаарах зарим асуудал" сэдвээр Монгол улсын Дээд шүүхийн судалгааны төвийн захирал Ч.Нямсүрэн нар илтгэл тавих юм байна.
Хүний наймааны эсрэг тэмцэхэд хүний эрхийн асуудал, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод туслалцаа үзүүлэх, эх оронд нь буцаах шилдэг туршлага, тэдгээрийн уугуул нутаг оронтой хамтран ажилладаг Вена хотын загвар зэрэг асуудлаар гадны шинжээчид санал солилцох аж.
Хүний наймааны эсрэг Олон улсын шинжээчдийн хурал хоёр өдөр үргэлжилж маргааш өндөрлөх юм байна.