Нөөцийн өвсийг хөнгөлөлттэй үнээр худалдана
Засгийн газрын шийдвэрийн дагуу Улаангом дахь Улсын нөөцийн салбараас 50 тонн хивэг, 100 тонн хорголжин тэжээл, 150 тонн өвс, Өмнөговь сум дахь улсын нөөцийн цэгээс 60 тн хивэг, 60 тонн хорголжин тэжээл, 100 тонн өвс, Бөхмөрөн сум дахь улсын нөөцийн түр цэгээс 10 тонн хивэг, 20 тонн хорголжин тэжээл, 50 тонн өвсийг 50%-ийн хөнгөлөлттэй үнээр худалдаж эхэллээ.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Увс аймагт ажиллан нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж холбогдох арга хэмжээг авсан нь энэ юм.
Энэ жил Увс аймагт хүйтний эрч эрс чангарч 50 шахам хоног 40-48 хүртэл хэм хүйтэрч байна. Аймгийн Тариалан, Түргэн, Сагил, Зүүнговь сум гамшгийн байдалтай, 10 гаруй суманд өвөлжилт хүндэрч малын хорогдол өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар мөн “Улсын сайн малчин” цол хүртсэн Увс аймгийн Сагил сумын “Өндөр мод” багийн малчин Т.Хүрэлцогт, Наранбулаг сумын иргэн, “Улсын тэргүүний тариаланч” Ч.Шомбууз нарт шагналыг нь гардуулж баяр хүргэв.
2009 онд Увс аймгаас “Улсын сайн малчин” цол, тэмдгээр хоёр, “Улсын тэргүүний тариаланч” цолоор гурван хүн энгэрээ мялаасан бөгөөд Тариалан сумын цэцэрлэг “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр тодорчээ.