Ерөнхийлөгч Хаан банкны удирдлагуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХААН банкны гүйцэтгэх захирал Питер Морроу, тус банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Батсайхан, зөвлөх К.Норихико нарыг өчигдөр хүлээн авч, үүсээд буй нөхцөл байдлын талаар байр суурийг нь сонсож, улмаар зарим зөвлөмж өгөв.
Орон нутагт өвөлжилт хүндэрч, зуд нүүрлэсний улмаас мал ихээр хорогдсон, малчдын аж ахуй доройтож байгаа энэ цаг үед ХААН банк ямар бодлого баримталж буй талаар ХААН банкны удирдлага танилцуулга хийв. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар манай орны нийт малчдын 37% буюу 64.6 мянган малчид зээлтэй байгаа бөгөөд эдгээр харилцагчдын 95% нь зээлээ цаг хугацаанд нь төлж байгаа гэв. Нэг малчин дунджаар 970 мянган төгрөгний зээлтэй байгаа ажээ.
Малчдад зориулж “өвс тэжээл бэлтгэх шуурхай зээл” –ийг бага хүүгээр олгож эхэлсэн байна. Малгүй болсон, эсвэл малын тоо толгой нь ихээр хорогдсон малчдын хувьд харилцан ойлголцсоны үндсэн дээр зохих хөнгөлөлтийг үзүүлж байгаа. Ер нь 10 жил хамтран ажиллаж ирсэн малчдынхаа талаар илүү анхаарал тавьж байгаа гэдгээ төгсгөлд нь илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өвөлжилт хүндэрч байгаа энэ цаг үед малчдад олгож байгаа зээлийнхээ хугацааг сунгах, зээлийн нөхцлийг илүү уян хатан болгох зэргээр анхаарч ажиллах хэрэгтэйг онцлон тэмдэглэв.