УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 41-дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны нэгдүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Миний хувьд цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн байр суурьтай буй. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нь ард түмний төлөөлөгч учраас уг асуудлыг шүүх хүчний байгууллага шийдэхээс илүү ард түмний төлөөллийн шийдвэрийг харах ёстой. Төлөөллийн байгууллага нь ард түмний мандатыг авч ажилладаг. Улс төрийн нөлөөлөлд өртөж болох боломжтой этгээд байдаг. Ялангуяа 1-2 хүний зөрөөтэй бол уг асуудлаа шийдэх боломжтой. Тиймээс УИХ-ын гишүүн, төлөөллийг хэрэгжүүлж буй иргэдийн төлөөлөгч халдашгүй байдаг. Нэг хүнийг шүүхээр шийдвэрлэж болохгүй.
Үндсэн хуулийн цэц үндсэн хуулиа самарч байгааг хэзээ зогсоох юм бэ! 2016 оны дүгнэлтээ эргэж харсан зохисгүй үйлдэл хийсэн. Үүнээс болж сонгуулийн хуулийн асуудал орж ирж байна. Бид нар 2019 онд Үндсэн хууль хэлэлцэхдээ холимог тогтолцоог дэмжээгүй юм. Санал хураалтаар холимог тогтолцоо унасан. Тийм байтал Их Хурал буцаагаад шийднэ гэсэн хачин дүгнэлт гаргасан. Үндсэн хуулийн цэцэд тэтгэвэрийн нас нь хэтэрчихсэн, хугацаа нь дууссан улсууд үндсэн хуулийн зөрчилтэй эсэх маргааныг шийднэ гээд сууж байна. Үүнийг болиулмаар байна, Их Хурлын дарга аа! Явуулсан гурван байгууллага нь анхаар.
Ер нь Үндсэн хууль, цэцээсээ эхлээд Монголын төр дампуурч байна. Энэ чинь хулгайтай ялгаагүй, төрийн эсрэг гэмт хэрэг хийгээд сууж байна. Ард түмэн гишүүнээ сонгохдоо ямар нэг байгууллага дамжихгүй сонгоно гэж 2016 онд дүгнэлт гаргачихаад одоо болох юм шиг яриад сууж байна шүү дээ. Үндсэн хуулийн цэц тэтгэвэртээ гараад, зөнөчихсөн байна. Тиймээс эдгээр улсуудыг буцаан тат. Төрийн эсрэг гэмт хэрэг хийж, хууль бус шийдвэр гаргасан хүмүүст эрүүгийн хариуцлага тооц.
Үгүй бол ард түмэн босох байдалд хүрнэ. Үндсэн хуулийн хямрал гэдэг нь энэ. Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг сонгохдоо маш олон хэмжүүрээр сайн ярьж сонгож хэрэгтэй. Үндсэн хууль бол энэ улс оршин тогтнохын дээд эрх хязгаар. Гэтэл түүнийгээ нулимаад сууж байгаа хүмүүсээр Үндсэн хуулийн дүгнэлт хийлгээд байж болохгүй.