“Иргэний танхим”-ын хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг эхэллээ
“Иргэний танхим”-ын хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг өнөөдөр өглөө 9:30 цагт Төрийн ордонд эхэллээ.
Нээлттэй хэлэлцүүлгийн сэдэв “Шүүхийн тухай Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” юм. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Ганзориг хөтлөн явуулж байгаа аж.
Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа нь цаг үеэ олсон, хүмүүст хэрэгтэй хэлэлцүүлэг болж байгааг иргэд онцолж байлаа. Ялангуяа Шүүгчдийн зөвлөлийн талаар нарийвчлан хэлэлцэх хэрэгтэй байгаа тухай, одоогийн байдлаар шүүгчдийн зөвлөл нь дарга нарын зөвлөл болчихоод байгаа талаар ихээхэн шүүмжилж байсан.
Түүнчлэн шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүгчдийг шударга зөв ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал гэсэн саналыг иргэдийн зүгээс хэлж байлаа. Цаашид Шүүхийн статус, зохион байгуулалт, ерөнхий зөвлөлийн тухай гэсэн гурван төрлийн бие даасан хууль гаргахаар ажиллаж байгаагаа Г.Ганзориг зөвлөх танилцууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлгээр “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай” хуулийн төслийг хэлэлцэх байсан боловч хойшлуулж, зөвхөн “Шүүхийн тухай Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийн талаар хэлэлцэхээр болсон байна. Хэлэлцүүлэг бүтэн өдөржин үргэлжилнэ.