“Төв азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолбор” байгуулна
Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн удирдлагууд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж “Төв Азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолбор”-ын төслийн талаар танилцууллаа.
Тус цогцолбор нь Улаанбаатар хотын 0 цэгээс 40 км, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас засмал замаар 24 км, Хөшигтийн хөндийд баригдах шинэ онгоцны буудлаас 30 км-ийн зайд байрлалтай байх юм байна.
Мөн Палеонтологийн музей, Хүннү судлалын музей, ХХ зууны монголчууд-Галерей, Төв Азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв музей, Эзэн Чингисийн музей, соёлын музей, спортын талбай, автомашины гараж, зогсоол, үйлчилгээний төв, захиргааны барилга, зочид буудал зэрэг 11 байгууламжтай байх аж. “Төв азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолбор” байгуулагдснаар гадаадын төдийгүй дотоодын аялал жуулчлал хөгжих таатай нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин “Монгол судлал, ялангуяа, хүн төрөлхтний түүхэнд нүүдэлчдийн эзлэх байр суурийг судлахад үнэтэй хувь нэмэр оруулах судалгаа шинжилгээний маш том төв байх болно” гэж онцлон тэмдэглэсэн юм.Энэхүү санаачилгыг Ерөнхий сайд дэмжиж байгаагаа илэрхийлээд музейд дэлгэн харуулах соёлын өв, үзмэрүүд улсын хамгаалалтад байх учиртай. Иймээс төр, засаг тодорхой дэмжлэг үзүүлнэ гэв.
“Төв Азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолбор”-ын эхний шатны ажлыг 2010-2012 онд, хоёрдугаар шатыг 2013-2015 онд гүйцэтгэж дуусахаар төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.