Турк улс малчдад хандив  тусламж өгнө
2010.02.22

Турк улс малчдад хандив тусламж өгнө

Монгол орны нийт нутгийн 90 хувь цасан бүрхүүлтэй байна. Ойрын гурван өдөр хүйтэрч цаг агаарын аюултай turk_tuslamj_vip76үзэгдэл болохыг сэрэмжлүүлж байгаа юм. Энэ хүнд бэрх цаг үед, өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад зориулж Бүгд найрамдах Турк Улсын /БНТУ/ Засгийн газар 50 мянган ам доллар хандивлалаа.

Тус улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Асым Арар өнөөдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдтой уулзахдаа тусламж, хандив өгч байгаа тухайгаа мэдэгдлээ.

Турк улсаас мөнгөн хандиваас гадна хөнжил, аяны хөнжил, дулаан хувцас, хүнсний бараа ачсан БНТУ-ын Зэвсэгт хүчний С-160 онгоц энэ сарын 23-ны Мягмар гараг буюу маргааш 19.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардана.  Тусламжийн барааг хүлээлцэх ёслол Лхагва гарагийн 10.00 цагт болох юм.

Хүнд, хэцүү цагт сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлсэнд  Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Шадар сайд М.Энхболд талархал илэрхийлээд хэрэгцээтэй газарт нь хүргэж, эргэж хариу мэдэгдэнэ гэлээ.

Бүгд найрамдах Турк Улсын Засгийн газар Монгол улсад өнгөрөгч оны тавдугаар сард болсон үерийн гамшигийн дараа тусламж үзүүлж байсан юм.

Энэ оны хоёрдугаар сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд 2 сая 467 мянган толгой мал хорогдоод байгаа аж.  Энэ тухай Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.