Эхчүүдийг нүүлгэн хэвтүүлэх хуваарь гарлаа
Амаржих газрын оношилгоо, эмчилгээний багаж тоног төхөөрөмжийг “Таны төлөө бид” эмнэлэгт нүүлгэн байрлуулж, цэвэрлэгээ ариутгал, халдваргүйжүүлэлтийг заавар журмын дагуу хийхийг эмнэлгийн нийт ажилтнуудад үүрэг болгосон байна.
Нүүлгэн шилжүүлэлтийн явцад халдвараас сэргийлэх арга хэмжээг удирдамжийн дагуу зохион байгуулж, халдварын сэжиг илэрсэн тохиолдол бүрийг 24 цагийн дотор Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт мэдээлж холбогдох арга хэмжээг авч ажиллахыг ч тушаалд хатуу сануулсан байна.
Амаржих газрын дээврийн засварыг дуустал Сонгинохайрхан дүүргийн эхчүүд дээрх эмнэлгүүдээр үйлчлүүлэх бөгөөд хувийн эмнэлэгт үйлчлүүлсний төлбөр мөнгө хувь хүнээс авахгүй юм байна. Өмнө нь амаржих газраар үйлчлүүлэхдээ бүрдүүлдэг байсан материалаа бүрдүүлэн дээрх эмнэлгүүдэд очиж хэвтэх учиртай гэдгийг нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд өгүүлж байна. Сонгинохайрхан дүүргийн 1-11 дүгээр хороо, 19, 23-25 дугаар хорооны эхчүүд “Таны төлөө бид” эмнэлэгт хэвтэж эмнэлгийн үйлчилгээ авах бол 16-18, 20-22 дугаар хорооны эхчүүд “Ачтан” эмнэлэгт байрлах нэгдүгээр амаржих газарт, 12-15-р хорооны эхчүүд нийслэлийн гуравдугаар амаржих газарт очихоор хуваарь гарчээ.