Монгол Улсад 13 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо
2010.02.25

Монгол Улсад 13 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй монголын парламентын төлөөлөгчдийн БНСАУ-д хийж буй албан ёсны  айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна.  demberel_r_03

БНСУ-ын Ерөнхий сайд Жөн Ун Чан УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг өнөөдөр хүлээн авч уулзан  хүндэтгэл  үзүүлж, БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаад баяр  хүргэлээ.  

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Үндэсний Ассамблейн дарга Ким Хен О-той хийсэн яриа хэлэлцээ амжилттай болсныг дурдаж, яриа хэлэлцээний үеэр хэлэлцэж, тохирсон  асуудлыг БНСУ-ын Засгийн газрын зүгээс анхаарал тавьж ажиллана гэдэгт найдаж байгаагаа  илэрхийллээ. Түүнчлэн  гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чухал  түнш орон БНСУ-тай худалдаа, эдийн засийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх нь  Монгол Улсын хувьд тэргүүлэх ач холбогдолтой болохыг  онцлон тэмдэглээд, БНСУ зэрэг томоохон хөрөнгө оруулагчдыг татах орчин, нөхцлийг бүрдүүлэхэд хууль тогтоох байгууллага ач холбогдол өгч анхаарч ажиллаж  байгааг хэллээ. Мөн Эрдэс баялгийн корпораци тэргүүтэй Солонгосын консорциум Тавантолгойн нүүрсний ордыг хамтран ашиглахад оролцохоо илэрхийлснийг манай тал анхааралтай судалж байгааг мэдэгдэв.  

УИХ-ын дарга БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж Монгол улсын нийгэм, эдийн засаг, ялангуяа хүний хөгжил, хөдөө аж ахуй, мэдээлэл, харилцаа, холбооны технологийн салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж ирсэнд  талархалтай байгаагаа илэрхийлээд, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг КОЙКА-тай хөдөө аж ахуйн салбарт тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулсныг дуулгаад, энэ чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх нь чухал  болохыг мэдэгдлээ.  

БНСУ-ын  Ерөнхий сайд ноён Жөн Ун Чан өнгөрсөн хугацаанд хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж , парламент хоорондын хэлхээ, холбоо ихээхэн нягтарсанд сэтгэл  хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр  энэ онд хоёр улсын хооронд дипломат  харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр талын бөхийн  нөхөрсөг тэмцээн, урлаг, соёлын арга  хэмжээ зохион  байгуулахаар төлөвлөж байгааг хэллээ.  

Түүнчлэн БНСУ өнгөрсөн онд дэлхийн олон улсын эдийн засгийн тусламж үзүүлэх байгууллагын гишүүн орон болсныг дуулгаад, БНСУ Монгол Улсад 13 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр  болсныг мэдэгдэв.  

Ерөнхий сайд Жөн Ун Чан Монгол Улсад БНСУ-ын  3500 гаруй солонгос иргэн ажиллаж, амьдарч байгааг хэлж , эдгээр иргэдийн  ахуй амьдрал, аюулгүй байдлыг монголын  талаас анхаарч үзэхийг хүслээ.  

Мөн БНСУ-ын  Олон улсын хамтын ажиллагааны агентлаг КОЙКА-гаас монголын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах төслийг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн хоёр талын  дэд бүтэц,ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн  бодит ажил болгоход монголын тал анхаарал хандуулан эрчимтэй ажиллах шаардлагатай байгааг Ерөнхий сайд Жөн Ун Чан онцлон тэмдэглэлээ гэж УИХ-ын Хэвлэл  мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.