Украин улсын элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барилаа
2010.02.25

Украин улсын элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Украин улсаас Монгол улсад суух Элчин сайд Юрий Костенко өнөөдөр итгэмжлэх жуух бичгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид барилаа.ukrain_elhin

Монгол Улс, Украин улстай дипломат харилцаа тогтоосноос хойш 20 жил өнгөрч, энэ хугацаанд хоёр орны хооронд, худалдаа эдийн засаг, боловсрол, батлан хамгаалахын салбарт харилцаа өргөжиж иржээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ЭСЯ-д чухал үүрэг гүйцэтгэдэг. Украин улс манай улсад эхний ээлжинд Консулын газраа нээх шийдвэрээ гаргасан бөгөөд энэ асуудалд Элчин сайд Таныг анхаарлаа хандуулахыг хүсье. Манай хоёр орны харилцааны нэг гол салбар нь худалдаа юм. Хоёр талд харилцан ашигтай байдлаар худалдааны хэмжээг нэмэгдүүлэх боломж байгаа бөгөөд, энэ тал дээр мөн анхаараарай. Дээд боловсролын салбарт уламжлалт харилцааг хадгалан хөгжүүлж, оюутан солилцоог нэмэгдүүлэх сонирхол хоёр талд бий. Өнгөрсөн жил 9р сард Нью Йорк хотод Ерөнхийлөгч асан В.Ющенкотой уулзахдаа энэ асуудлаар бид дэлгэрэнгүй санал солилцсон. Элчин сайд энэ асуудлыг үргэлжлүүлэн анхаарна гэдэгт найдаж байна” гэлээ.

Элчин сайд Ю.Костенко “Монгол улсад ажиллах болсондоо би баяртай байна. Хоёр орны харилцааг сайжруулахын төлөө хүчин чармайлт гаргаж ажиллах болно. Ялангуяа ойрын хугацаанд Улаанбаатарт төлөөлөгчийн газар нээх талаар шаргуу ажиллах бодолтой байгаа. Худалдаа эргэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай талаар Тантай санал нэг байна. Хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний айлчлалуудыг тогтмолжуулах талаар ажиллах болно” гэлээ.

Мөн Украины хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, батлан хамгаалах салбарт хамтын ажиллагааг сэргээх, томоохон төслүүд дээр хамтран ажиллах болон бусад асуудлаар Ерөнхийлөгч болон Элчин сайд санал солилцлоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.