Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Дархан аймагт ажиллалаа
2010.02.25

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Дархан аймагт ажиллалаа

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди энэ сарын 22-24 өдрүүдэд Дархан-Уул аймгийн нийгмийн даатгал, халамжийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзлаа. gandi_01

Хөдөө орон нутагт нийгмийн халамжийн үйлчилгээний чанар хүртээмж, иргэдийн хөдөлмөр эрхлэх, өрхийн аж ахуй эрхлэх, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй  зээл тусламж хүрэх ёстой эзэндээ хэрхэн хүрч байгаа тухай болон нийгмийн халамжийн шинэчлэл хийгдэж эхэлж байгаатай холбогдуулан энэхүү уулзалтыг зохион байгуулсан байна.
Уулзалтын үеэр нийгмийн даатгалын сангийн бүрдүүлэлтийн талаарх жилийн эцсийн тайлангаас үзвэл даатгал төлөлтийн байдал сайн байгаа хэдий ч зарим үзүүлэлтээр буурсан байна. Даатгалд хамрагдсанаар ажилгүй болох, тэтгэвэр тогтоолгоход хэрхэн ач тустай талаар иргэд олон нийтэд сурталчилан таниулах ажил хангалтгүй байгаа. Нийтийг хамарсан ажилд орлогогүй, ажилгүй иргэдийг хамруулж орлоготой болгох. Анхан шатанд ажиллаж, төрийн үйлчилгээг иргэн бүрт шууд хүргэдэг салбарын хувьд хаана ажилгүйдэл их байгаа, зээл дэмжлэг эзэндээ хүрч чадаж байгаа эсэх, нийгмийн халамжийн чиглэлээр төрөөс баримтлаж буй бодлого, үйл ажиллагааны үр дүн ямар байгаад байнга анхаарал тавьж ажиллах ёстой. Түүнээс бус тайлан худлаа гаргадаг, иргэдэд хүнд суртал гаргаж, чирэгдэлтэй ажиллах, явуулж буй сургалт нь чанаргүй, банкнаас олгож буй зээл нь очих ёстой эзэндээ очдоггүй, удирдлага нь ажилтнуудаа мэдээллээр хангадаггүй, хэсэг бүлэг хүрээлэлд ханддаг, ажлын сул чанаргүй байдлыг засч ажиллах шаардлагатай байгаа талаар сайд Т.Ганди онцлон хэлж холбогдох зарим асуудлаар үүрэг өглөө.

Иргэдийн амьдралыг дээшлүүлэх, орлоготой болгох, ядуурлыг бууруулахад бэлэнчлэх, авах сэтгэлгээ бус зөвхөн хөдөлмөр эрхэлсэнээр бидний өмнө тулгамдаад байгаа эдгээр асуудлууд шийдэгдэх болно. Тиймээс өрхийн үйлдвэрлэл, хамтын хоршооллыг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас үзүүлж буй зээл тусламж ямар нэгэн чирэгдэлгүйгээр эзэндээ хүрэх, нийгмийн халамжийн шинэчлэлтэй холбогдуулан иргэдэд мэдээллийг үнэн зөв хүргэх, анхан шатнаас ирүүлж буй судалгаа тооцоог үндэслэлтэйгээр гаргаж, ажлын хариуцлагыг өндөржүүлж ажиллахыг уулзалтын үеэр сайд анхаарууллаа.

Мөн тус аймагт ажиллах үеэр НХХ-ийн сайд иргэдтэй уулзаж, нийгмийн халамжийн шинэчлэл хийгдэж эхэлсэн талаар  мэдээлэл өгч, малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалд хамрагдах, баг хамт олноороо ажлын байр бий болгох, үндсэн ажлынхаа зэрэгцээ цагийн ажил хийж орлогоо нэмэгдүүлэх зэргээр хөдөлмөр эрхлэх нь ядуурлаас гарах хамгийн гол алхам болно хэмээн онцолсон талаар нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.