2023.05.24

Л.Энх-Амгалан: Олон нийтээс тавьж буй шударга ёсны шаардлагыг хүлээн авч, хүндэтгэж байна

"Монголын боловсролын систем уналтад оржээ" хэмээн нийгэмд ихээхэн бухимдал үүсээд буй. Учир нь улс төрд нөлөө бүхий, мэдээлэлд ойр байдаг хүмүүс залуусын боломжийг хулгайлсан буюу Боловсролын зээлийн сан /БЗС/-аас зээл аваад гэрээний үүргээ биелүүлээгүй 230 хүн байгаа талаар Л.Энх-Амгалан сайд зарласан. Үүнтэй холбогдуулан тэтгэлэг, зээл авсан нийт иргэдийн мэдээллийг цахим хуудсанд ил байршуулсан бөгөөд эдгээр 230 иргэний 27 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлэхээр хууль, хяналтын байгууллагад  шилжүүлээд байгаа юм.

Боловсролын Зээлийн Сан гэж юу вэ?

Боловсролын Зээлийн Сан нь дээд боловсрол эзэмшихээр зохих шалгуур хангасан санхүүгийн дэмжлэг хэрэгцээтэй иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээг хүргэдэг төрийн үйлчилгээний байгууллага. Энэ үйлчилгээг зохицуулсан журамд тодорхой шалгуур хангасан иргэдийг шалгаруулж, салбарын сайдын тушаалаар тэдгээр иргэний суралцах шийдвэр баталгаажсаны дараа БЗС иргэнтэй сайдын тушаалд заасан улс, сургууль, мэргэжил, зэрэг, хугацаа зэргийг тэмдэглэх заалт болон оролцогч талуудын эрх үүргийг тусгасан зээл, тэтгэлгийн гэрээ хийдэг. Улмаар суралцагчийн суралцах байгууллагын данс руу тухайн үед журмаар заасан зардлыг суралцагчийн сурлагын дүнд суурилан тушаалын хугацаанд санхүүжилт олгодог байна.

Суралцагч төгсөж ирээд санд бүртгүүлж, өөрийн гэрээний заалтаар холбогдох материал бүрдүүлж, БЗС-нд хүсэлтийн хамт хүргүүлэх, сан журамласан эрхийн хүрээнд хянаад эрх бүхий субъектэд дүгнэлт, мэдээлэл хүргүүлснээр шийдвэрийг хуульд заасан этгээд гаргах зохицуулалттай.

Сангаас суралцагчтай хийсэн гэрээний биелэлт буюу хэрэгжилтийг дүгнэхдээ тухайн суралцагчийг суралцах үед үйлчилж байсан эрх зүйн актад үндэслэдэг. Тодруулбал,

  • Эргэн төлөх
  • Хөнгөлөх
  • Чөлөөлөх асуудлыг харж, суралцагчтай хийсэн гэрээний үүргээ биелүүлсэн эсэхийг судалж, хянах болон эрх бүхий этгээдэд хяналтын мэдээлэл, дүнг танилцуулснаар сургалтын зээл, хүүгийн төлбөрөөс чөлөөлөх эсэхийг шийдвэрлэх зохицуулалттай байдаг аж.
Түүнчлэн Боловсролын зээлийн санд ажиллаж байгаад орон тооны цомхотгол нэрээр 2022 оны есдүгээр сард ажлаасаа чөлөөлөгдсөн О.Сийлэгмааг ажилд нь буцаан томилох үүргийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Тодруулбал, О.Сийлэгмаа нь БЗС-д ажиллаж байх үеэсээ тус сангаас гадаадын их сургуульд суралцагчдад олгодог сургалтын төлбөрийн зээлийг шалгуур хангаагүй хүмүүст өгч, мэдээлэлд ойр улс төрийн хүрээнийхний хамаарлууд зээл авдаг, эргээд шалгуур болзол хангаагүй хүмүүсийн зээлийг үе үеийн Боловсролын сайд нар тушаал гаргаж чөлөөлдөг зэрэг олон асуудлаар шүгэл үлээж, нийгмийн анхаарлыг БЗС-д төвлөрүүлээд байгаа билээ. Тэгвэл түүнийг ажилд нь буцаан томилоод зогсохгүй БЗС-гийн асуудлыг шалгах Ажлын хэсэгт ажиллахыг санал болгож байгаа юм байна.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг өглөө. Үүнд,

Олон нийтийн зүгээс тавьж буй шударга ёсны шаардлагыг хүлээн авч, хүндэтгэж байна

"Миний зүгээс 2023.03.22-ны өдөр Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авсан иргэдийн мэдээллийг ил болгож, 04 сарын 07-ны өдөр гэрээний үүргээ биелүүлээгүй 230 иргэний 27 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлэхээр хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн. Өнгөрсөн 7 хоногт үе үеийн сайд нарын тушаалыг ил болгосон. Боловсролын салбарт 30 жил далд хийж, өмхийртөл дарчихсан байсан газрын наймаа, оюуны өмчийн хулгай, дипломын луйвар, зэргийг ээлж дараалан шалгаж, ил болгож, сугалааны цэцэрлэг дагасан хүнд суртал, авилга, чирэгдлийг шийдэж ирсэн. БЗС бол үүний үргэлжлэл. 2005 онд би хувийн хэвшилд ажиллаж байсан, би гишүүн байгаагүй, сайд болохоо мэдээгүй байсан гэж өөрийгөө өмөөрөхгүй. 2005 онд буюу 18 жилийн өмнө МУИС-ийн хууль зүйн сургуулийн шилдэг төгсөгчдийг Австралид суралцуулахад сонгогдсон 10 хүний 1 нь миний эхнэр. Тухайн үед Хууль зүйн яамны харьяа хууль зүйн үндэсний төвд багшаар ажиллаж байсан. Журмын дагуу сонгогдож, журмын дагуу суралцаж, журмын дагуу ажиллаж, журмын дагуу гэрээний үүргээ биелүүлсэн. Эхнэрийн маань Австрали Улсад суралцсан баримт БЗС-ийн мэдээлэл дотор ил байгаа гэдгийг мэдэж байсан ч ямар нэгэн байдлаар нуух, ил болгохгүй байх үг, үйлдэл гаргаагүй. Сайд давуу боломжоо ашиглаж эхнэртээ зээл авч өгсөн, чөлөөлүүлсэн мэтээр бүхэл бүтэн 18 жилийн ялгаатай цаг хугацааг хольж, хутгаж сошиал сүлжээгээр явуулж байгаа нь улстөрийн зорилготой үйлдэл болж хувирлаа. Тиймээс эхнэр маань БЗС-ийн журам зөрчөөгүй сонгогдож, журмыг зөрчилгүй суралцаж, журмын дагуу ажиллаж, 2017 онд журмын дагуу чөлөөлүүлсэн хэдий ч БЗС-аар суралцсан төлбөрийг нийгмээс тавьж байгаа шударга ёсны шаардлагыг хүндэтгэн үзэж бүрэн төлсөн болохыг үүгээр мэдэгдэж байна. Бид БЗС-ийн асуудалд эрүүл, саруул ухаанаар хандах учиртай. Энэ сангаас санхүүжилт авсан бүх хүнийг хавтгайруулан харлуулж, улстөрийн сэдэл агуулах далд санаагаар жинхэнэ хууль зөрчсөн этгээдүүдийг бүдгэрүүлэх учиргүй. Хэн нь шударгаар явж, журмын дагуу зээлээс чөлөөлөгдсөн бэ, ямар хүүхэд өөрийнхөө ур чадвар, боловсролоороо суралцсан бэ, хэн нь БЗС-ийн журам зөрчиж, өөрт байгаа давуу байдлаа ашигласан бэ гэдгийг маш тодорхой ялгаж, зааглах ёстой. БШУЯ-ны архивт үе үеийн сайд нарын тушаал, шийдвэр алдагдаагүй бүгд байгаа гэдгийг хариуцлагатай хэлье. БЗС-аар албан тушаалаа, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, БЗС-ийн хууль, журам зөрчиж гэр бүл, үр хүүхэд, хамаарал бүхий хүмүүсээ гадаадад сургасан хэнбугай ч зээлээ эргүүлж төлөх ёстой гэдэг шаардлагыг 100 хувь дэмжинэ"  гэв.