Төрийн албан хаагчдад зориулсан орон сууц ашиглалтад орлоо
2010.03.01

Төрийн албан хаагчдад зориулсан орон сууц ашиглалтад орлоо

Өнгөрсөн баасан гаригт Төв аймгийн Зуунмод хотод төрийн албан хаагчдад зориулсан 38 айлын орон сууц ашиглалтад орлоо. Ингэснээр Онцгой байдлын алба, Мэргэжлийн хяналтын хэлтсийн ажилтнууд болон багшийн ажилтай 15 хүн өөрийн гэсэн орон сууцтай болж байна. tuv

Дээрх хүмүүс “4000 айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд урт хугацаатай, бага хүүтэй зээл авсан анхны зээлдэгчид болж байгаа бөгөөд 28 сая төгрөгийн зээлийг 20 жилийн хугацаанд сар бүр 200 мянган төгрөг төлж дуусгах юм. Орон сууцыг эздэд нь хүлээлгөн өгөх ёслолд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Орон сууц санхүүжилтын корпораци, Төв аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлага, албаны бусад хүн оролцжээ.

Засгийн газрын бондын хөрөнгөөр баригдсан энэ орон сууцны барилгыг Орон сууц, санхүүжилтын корпораци захиалж, “Стройка” ХХК гүйцэтгэгчээр нь ажилласан байна.
Одоогоос жил гаруй өмнө Төв аймгийн Зуунмод хотод төрийн албан хаагчдад зориулсан 20 айлын орон сууц ашиглалтад орж байсан юм. Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 11-ний 368 тоот тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах хөтөлбөр”-ийн дагуу Засгийн газраас төрийн байгууллагуудад 4000 квот хуваарилсан. Төсвийн ерөнхийлөн захирагчдаас Орон сууцны санхүүжилтын корпорацид төрийн албан хаагч 1391 хүний нэр ирснээс 620 хүн материалаа бүрдүүлж, судалгаанд хамрагджээ.

Квотод багтан, судалгаанд хамрагдаж байгаа төрийн албан хаагчид хүссэн байраа сонгох эрхтэй бөгөөд судлагдаж, шийдвэрлэгдсэн зээлийн багц бүрт Засгийн газар бонд гарган санхүүжүүлж байгаа юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.