2023.06.08

Б.Энхбаяр: Монгол Улс агаарын орон зайгаа ашиглуулсныхаа төлөө жилд хэр хэмжээний орлого олдог вэ?

УИХ-ын чуулганы /2023,06,08/-ны өдрийн хуралдаанаар “Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн нэгд “Монгол Улсад газар түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Энд агаар ороогүй юм билээ. Үндсэн хууль батлагдсны дараа “Агаарын тухай” бие даасан хууль гаргаад, хуульд өөрчлөлт ороогүй явж буй. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй агаарын хуулиар агаарын орон зай өөрөө ямар өмч вэ гэдэг асуудал байгаа. Нийтийн /public/ өмч. Тэр ч утгаараа Монгол Улс агаарын орон зайгаа ашиглуулсныхаа төлөө буюу үүнээс хураамж, төлбөр авч энэ нь эргээд орлого болдог зохицуулалт үйлчилдэг.

Монгол Улс агаарын орон зайгаа ашиглуулсныхаа төлөө нэг жилд ямар хэмжээний орлого олдог юм бэ? Ковидын хязгаарлалттай үед буурсан байх. Дунджаар хэд байдгийг багцаалж хэлэх бололцоотой байна уу? Энэ орлогын хэдэн хувь нь улсын төсөвт ороод, УИХ захиран, зарцуулах шийдвэрийг нь гаргадаг вэ? Иргэний нисэхийн газар өөрөө хэдийг нь зарцуулдаг юм бэ? Энэ хуулийн төсөл дээр өмнөх хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиас уг орлогын хуваарилалтыг яаж хийхээр оруулж ирсэн бэ.

Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн агаарын хөлөгт хүч хэрэглэх асуудлыг Зэвсэгт хүчин өөрөө мэдэх юм байна. Энэ хуульд зэвсэг хэрэглэхийг хориглоно гээд биччихээр Зэвсэгт хүчин чинь зэвсгээ хэрэглэж чадахгүй болчих юм биш үү. Эсвэл энэ зөвхөн Иргэний нисэхийн байгууллагад хамаатай заалт уу. Иргэний нисэхийн байгууллагад зэвсэг хэрэглэхийг хориглоно гэж унших юм уу? Хууль гарсны дараа өөрөөр ойлгоод явчих вий. Үүнийг тодруулж өгнө үү.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.