2023.06.09
Олон улсын Монголч эрдэмтдийн XII их хурлыг наймдугаар сард зохион байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны зургадугаар сарын 7-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Агаарын харилцааны тухай “Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, мөн “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг тус тус дэмжээд гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод олголоо.
- “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх олон улсын тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээ”, “Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэх тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээ"-г тогтоолоо.
- Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг батлах асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.
- Олон улсын Монголч эрдэмтдийн XII их хурлыг 2023 оны наймдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулна. Тус хурлыг зохион байгуулах үүрэг бүхий хорооны бүрэлдэхүүнийг баталлаа.