Монголын адал явдалт спорт аялагчид Бурхан Халдуныг зорилоо
Монголын адал явдалт спорт аялдагчдын холбооны их хурал өнгөрөгч сарын 26-нд болж, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэн, шинэ ерөнхийлөгчөө сонголоо. Ингээд тус холбооны ерөнхийлөгчөөр БОАЖ-ын сайд Л.Гансүх сонгогдсон байна.
Шинэхэн ерөнхийлөгч Л.Гансүх гишүүн маргааш өглөө нь нийслэлийн төв талбайгаас аялагчдаа адал явдалт аялалд үдэн гаргаж өглөө. Явган аяллын төрөлд гэхэд л жил бүр доод тал нь 1000 км зам туулдаг Адал явдалт спорт аялагчдын энэ оны анхны аялал хоёрдугаар сарын 27-ны өдөр Бурхан Халдун уул зорих маршрутаар эхлэв. Тэд Багануур дүүргээс гараагаа эхлэн Мөнгөнморьт, Хан Хэнтийн нуруу - Бурхан Халдун гэсэн маршрутаар 200 км зам туулах юм.
Энэ удаагийн аялалд Дархан, Эрдэнэт, Улаанбаатарын спортын холбоод, клубуудын 35 спорт аялагч оролцож байна. Аялалын бүрэлдэхүүнд 73 настай ахмад, 9 эмэгтэй тамирчин аялагчид багтжээ.
Мянганы замаар 1000 км аялсан туршлагатай аялагч н.Баатарчулуун оролцож байгаа бол аяллын багийг Адал явдалт спорт аяллын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын хэмжээний мастер Б.Жияандорж ахалж байна.
Аялагчид Бурхан Халдун хүрэх замдаа зудад нэрвэгдсэн зэрлэг ан амьтдад өвс тэжээл тараах ажилд хүчин мөхөсдөж байгаа орон нутгийн байгаль хамгаалагчдад туслах юм.
Энэхүү аялал ирэх хавар Сэлэнгэ аймгаас Байгаль нуур хүртэл зохион байгуулагдах Орос-Монголын хамтарсан том хэмжээний аяллыг угтсан сорилт болж байгаагаараа ач холбогдол өндөртэй юм.