Солонгос дахь эмнэлэг Монгол иргэдэд хөнгөлттэй үйлчилнэ
Солонгосын Гөнгүг ээд сургуулийн эмнэлэг 1931 онд ядуу, хүнд амьдралтай өвдсөн зовсон хүмүүст үйлчлэх зориулалтаар Ю Сөг Чан хэмээх хүний санаачилгаар байгуулагдаж өнөөдрийг хүртэл зорилгоо биелүүлж үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. 2005 онд орчин үеийн хөгжлийн хурдацтай өөрчлөлтөөс шалтгаалж цаг үедээ тохирсон сүүлийн үеийн техник технологийн шинэчлэл хийж,чадварлаг эмч, халуун дулаан сэтгэлтэй ажилчдаар багаа бүрдүүлэн ажиллаж байгаа аж.
Мөн оношлогоог сүүлийн үеийн хамгийн шинэ тоног төхөөрөмжөөр оношлохоос гадна зүрх, судас, бүдүүн шулуун гэдэс, тархи, элэг цөс, хорт хавдрын мэс заслуудыг мэргэжлийн өндөр ур чадвартай эмч, мэргэжилтнүүд хийж гүйцэтгэж байна.
УИХ-ын даргын албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Д. Гэрэл хоёр талын хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.
Ингэснээр солонгост ажиллаж, сурч, амьдарч буй монгол иргэд тус эмнэлэгт хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэхээр болж байгаа юм. Эмнэлэгт үзүүлэх төлбөр өндөр учраас өөрсдийгөө оношлуулж ,эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй яваа монгол иргэд солонгост олон мянгаараа бий. Энэ таатай мэдээг солонгост ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд төдийгүй, монголд байгаа тэдний ар гэр, аав ээж, ах дүү таатай хүлээн авах нь дамжиггүй.