Нэг аймгийн хүн амтай тэнцэх залуус Солонгост  амьдарч байна
2010.03.04

Нэг аймгийн хүн амтай тэнцэх залуус Солонгост амьдарч байна

Өнөөдөр албан бус тоогоор тус улсад 32 мянга гаруй монгол иргэд ажиллаж амьдарч байна. Өөрөөр хэлбэл манай нэг аймгийн хэмжээний хүмүүс ажиллаж, сурч, амьдарч байна гэсэн үг юм.

solongost_uulzalt_vip76УИХ-ын дарга Д.Дэмбэрэл айлчлалынхаа үеэр БНСУ-д ажиллаж, амьдарч, сурч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж, УИХ-ын үйл ажиллагаа, монгол улсын өнөөгийн санхүү, эдийн засгийн байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Түүнчлэн БНСУ-д хийж буй албан ёсны айлчлал амжилттай болж солонгосоос монголд, Монголоос Солонгост ажиллаж, амьдарч буй солонгос, монгол  иргэдийн ахуй нөхцлийг сайжруулах,аюулгүй байдлыг хангах,  ялангуяа монголын талаас Солонгост хараар ажиллаж буй иргэдийг нэг удаа визжүүлэх, визгүй зорчдог эрх бүхий монгол иргэдийн оршин суух  хугацааг 90 хүртэл  хоног болгох асуудлыг нааштай шийдвэрлэх талаар хоёр тал өндөр дээд түвшинд харилцан ярилцаж,  санал солилцсон талаарх  мэдээллийг өгсөн.

Уулзалтад Солонгост үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, монгол иргэдийн  эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын төлөөлөл болон оюутнууд ирж оролцсон. Солонгост суралцаж төгссөн оюутнууд эх орондоо очиход ажиллах ажлын байр байгаа эсэх,  хөдөлмөрийн бирж байгуулагдсан уу, бичил бизнесийг төр, засгаас яаж дэмжих вэ,монгол иргэдийн эрхийг хамгаалахаар ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг төрөөс дэмжих тал дээр ямар бодлого баримтлах вэ зэрэг асуултыг уулзалтад оролцогсод тавьж  байлаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлэхдээ, энд ирж байгаа хүмүүс бүгдээрээ амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор хөдөлмөрийн янз бүрийн нөхцөлд ажиллаж, амьдарч  байна .

Тойрогтоо очиход иргэд, сонгогчид Солонгос орныг үлгэрийн орон мэт бодож ямар ч аргаар хамаагүй явахыг эрмэлздэг. Солонгосын тал өнгөрсөн хорин жилийн хугацаанд манай улсад ихээхэн тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн. Өнөөдөр 30 гаруй мянган монгол иргэдийг ажлын байраар хангаж байна.

Ингэж Солонгосын тал гэрээгээр болон хараар ажиллаж байгаа монголчуудыг ажлын байраар хангаж, чамлалтгүй цалин хөлс олгож байхад боолын хөдөлмөр эрхэлж байна гэж манайхан ярьдаг нь  буруу юм.  Солонгос хүний хөдөлмөрч, хичээнгүй зан чанараас суралцаж хэрхэн ажиллаж, амьдарч байгааг сурч өөрөө өөрийгөө дайчлаад тодорхой мэргэжил эзэмшээд ирвэл монголд ажлын байр их байна. Мөн монголд үйл ажиллагаа явуулж байгаа солонгосын компанид ч гологдохгүй ажиллах, жижиг, дунд үйлдвэрлэл байгуулах  боломж бүрэн бий гэсэн юм.

Тус уулзалтад  Монголын Элчин сайдын яамны зөвлөх Ж.Сүхээ, НХХЯ-ны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Т.Энхтуяа болон  Гадаадад ажиллах хүч илгээх төв,  Улсын нийгмийн даатгалын ерөнхий  газрын Сөүл дэхь төлөөлөгч нарын албаны бусад хүмүүс оролцож өөрсдийн хариуцсан чиглэлээр мэдээлэл хийв.

2009 оны эцсийн байдлаар Солонгост гэрээгээр ажиллаж буй манай гэрээт ажилчдын тоо 14040 хүн байгаа ба энэ тоо нь шинээр орж ирж байгаа болон ажлын байраа өөрчилж буй иргэдээс шалтгаалан өөрчлөгддөг байна. Гэрээт ажилчдын хувьд ажиллах эрх зүйн орчин нь Солонгосын гадаадаас ажиллах хүч авах хуулиар зохицуулагддаг боловч манай иргэдээс шалтгаалах хүндрэлүүд гардаг аж. Тухайлбал, ажлын байрыг гурван жилд гурван удаа солих ёстой боловч ажлын байраа жилд хэд хэдэн удаа сольж эцэст нь хууль бусаар хөдөлмөрлөх байдал руу ордог, гэмт хэрэгт холбогдох, солонгосын ёс заншлыг мэдэхгүйгээс ажил олгогчтойгоо үл ойлголцох, архи уух, ажил таслах зэрэг зөрчлүүд гаргадаг нь сөрөг нөлөө үзүүлдэг байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.