БОАЖ-ын сайд байгальд ээлтэй, тоосжилтгүй зам тавих чиглэл өглөө
Одоо дээрх чиглэлд өдөрт 500 орчим тээврийн хэрэгсэл тээвэрлэлт хийж байна. Хүнд даацын автомашинд үйлдвэрлэгчээс тогтоосон даац 38 тонн боловч тэд дунджаар 80-100 тн, заримдаа пүүний даацаас хэтэрсэн жинтэй нүүрс ачиж байна. Тоосжилт их үүсгэдэг энэ байдал нь замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдуулахаас гадна хөрсөн замын эвдрэл үүсэх нөхцөл бүрдүүлдэг. Нүүрс тээвэрлэлтийн сайжруулсан шороон замаар хүнд даацын машин ийм байдлаар байнга явсаар дэржигнүүр үүсч, зарим хэсэгт 40-60 см гүн ховил, 40-100 метр өргөн олон салаа зам бий болсон байгаа юм.
БОАЖЯ-ын сайд Л.Гансүх "Хатуу хучилттай, тоосжилт гаргахгүй зам тавих ажлыг түргэвчлүүлэх, нүүрс тээвэрлэлтийн одоогийн замд хязгаарлалт хийх" тухай хөндөж ярьж байлаа. Энэ асуудлаар салбаруудын төлөөлөл зөвлөлдсөний эцэст Ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдөр гэхэд Тавантолгой, Оюутолгой чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг тоосжилтгүй, хатуу хучилттай замаар хийж эхлэх чиглэл өгөв. Замын ажлыг түргэвчлүүлэхийн тулд үүнийг энэ сардаа багтаан Засгийн газраар хэлэлцүүлэхээр тогтлоо.