Монгол улс нийт 3 тэрбум 700 сая долларын буцалтгүй тусламж авч, ашиглаад байна
2010.03.05

Монгол улс нийт 3 тэрбум 700 сая долларын буцалтгүй тусламж авч, ашиглаад байна

УИХ-ын гишүүн О.Чулуунбатын ахалсан 1991 оноос хойш Монгол Улсын  авсан гадаадын зээл, буцалтгүй тусламж, хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн  хэрэгжилтийн байдлыг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. chuluunbat_01

Хуралдаанд УИХ-ын гишүүн О.Чулуунбат, С.Оюун, Д.Хаянхярваа нар оролцлоо. Тэд дээрх асуудлаар Сангийн яам, Гадаад харилцааны яамны холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авч, хөгжлийн албан ёсны тусламжийн ашиглалтын байдалд анхаарал хандуулахын зэрэгцээ Ажлын хэсгийн зорилгын талаар ярилцаж, хуралдаанд оролцогсдоос асуултдаа хариу авч  байв.

Монгол Улсын Засгийн газар 1991 оноос 2008 он хүртэлх хугацаанд хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудаас нийт гурван тэрбум 700 сая долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авч ашиглаад байгаа юм байна.

1991 онд ОХУ, Япон улсаас авсан хөнгөлөлттэй зээлээс шалтгаалан  зээлийн 20 хувийг буцалтгүй тусламж, 80 хувийг нь хөнгөлөлттэй зээл эзэлж байсан аж. Харин 1992 оноос энэ байдал нэлээд тогтвортой болж, буцалтгүй тусламжийн ашиглалт  ихэнх хувийг эзлэх болжээ.  

Зах зээлийн эдийн засагт шилжсэн эхний үед гадаадаас авсан албан ёсны тусламж манай дотоодын нийт бүтээгдэхүүний 165 хувьтай тэнцүү байсан гэдэг. Энэ нь шилжилтийн үеийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад чамгүй  үүрэгтэй байсан аж.

Харин эдийн засаг улс орны хэмжээнд өсч, 2008 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 4.9 тэрбум долларт хүрснээр албан ёсны тусламжийн жилийн ашиглалт ДНБ-ний 3.78 хувийг эзлэх болсон мэдээ бий.

2008 онд манай Засгийн газар гадаад зээлийн нийт 934.1 сая долларын үндсэн ба хүүгийн төлбөрийг төлж барагдуулжээ. Үүнээс нэлээдийг нь үндсэн төлбөрт, цөөн хувийг нь хүүгийн төлбөр бусад шимтгэлд төлсөн аж. Монгол Улсын гадаад зээлийн үлдэгдэл 2007 онд 1.5 тэрбум доллар байгаа талаар Сангийн яамны ажилтан ярилаа. Үүний ихэнх хэсгийг зээлжих тусгай эрх эзэлдэг гэнэ. Энэ нь ч бас ашигтай. Учир нь манай улс дан ганц нэг орноос хамаарах явдлыг багасгаж, харин ч олон улсын байгууллагуудаас хамаарахыг нь тэнцвэржүүлдэг юм байна.

Шинээр хэрэгжиж эхэлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн тухайд 2008-2009 оны нийт буцалтгүй тусламжуудын дүн нь 240 сая доллар, хөнгөлөлттэй зээлийн төслүүдийн нийт дүн 792.5 сая доллар байгаа юм.

1991-2008 онд гаднаас авсан буцалтгүй тусламжийг хүний хөгжил, яаралтай тусламж, хөдөө аж ахуй, эрчим хүч, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, тээвэр, эрүүл мэндийн салбарт түлхүү ашиглажээ.

Харин хөнгөлөлттэй зээлийг зам тээвэр, эрчим хүч, аж үйлдвэр, санхүү эдийн засаг, уул уурхайн салбарт голлон ашигласан байна.

Ажлын хэсгийн гишүүд өнөөдрийг хүртэл хугацаа хэтэрсэн зээл байгаа эсэхийг асууж, зээлийн эргэн төлөлтөд хэд орчим доллар зарцуулсан болохыг тодруулж байлаа.

УИХ-ын гишүүн О.Чулуунбат авсан зээлийн талаарх нарийвчилсан судалгаа байх ёстойг сануулж, зээл авсны дараах хэрэгжилт нь ямар байгаа болон явц нь мөн хэрхэн өрнөж буйг тодорхой болгох нь чухал гэдгийг онцолж байв. Зээлийн ашиглалтын байдлаас гадна ор тас дампуураад алга болсон зээл байгаа эсэхийг гишүүд мөн лавласан.

О.Чулуунбат гишүүн нийт өр дотор арилжааны шугамаар авсан зээл байгааг асуухын зэрэгцээ “зээл бол өөрсдийгөө өртэй болгож байгаа хэрэг” гэж байв.

2005 оноос эхлэн Сангийн яаманд зээл тусламжийн газар байгуулагдан, ажил нэлээд цэгцтэй болсон тухай холбогдох албаны хүн дуулгав. Ажиглахад тэр үеэс л шахааны зээл багассан, үүнийг аль болох хумих бодлого барьсан  гэж  байв.  1990-2000 он хүртэл зээлийн асуудал маш олон байгууллага, газрыг дамжин шийдэгдэж иржээ. Харин асуудлыг Сангийн яам төвлөрүүлэн хариуцах болсноор зээл, тусламжийн асуудлыг нэгтгээд хэрхэн яаж төлөх талаар стратеги боловсруулсан хэмээн мөн хэллээ.

УИХ-ын гишүүн О.Чулуунбат Ажлын хэсэгт танилцуулахаар оруулж ирсэн баримтыг үзээд, нэмэлт материал гаргаж өгөх  боломж бий эсэхийг лавлан, энэ талаар үүрэг өглөө. Энэ нь  тусламжийг зээл, хөнгөлөлттэй зээлээс ялгах зөрүү, ялгаагаар нь ангилан судалгаа хийх  тухай байсан.

Тусламж, буцалтгүй тусламж нь хэд хичнээн байгаа гэдэг ч юм уу, нарийвчилсан судалгаа, нэмэлт материал авч ирэхийг тэрээр Сангийн яамны холбогдох албаны хүмүүст үүрэгдлээ.

Эрхэм гишүүнийхээр бол Ажлын хэсгийн гаргах эцсийн дүгнэлт олон нийтэд тодорхой байх хэрэгтэй бөгөөд гадныхан ч мөн үүнийг мэдэж, сонсох нь чухал  юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.