Л.Энх-Амгалан: АТГ, Хөгжлийн Банк зэргийн барьцаанд хураагдсан барилгуудыг сургуулийн зориулалттай болгох ажлыг хийнэ
2023.06.21

Л.Энх-Амгалан: АТГ, Хөгжлийн Банк зэргийн барьцаанд хураагдсан барилгуудыг сургуулийн зориулалттай болгох ажлыг хийнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гурван ээлжид орох эрсдэлтэй сургуулиудын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг баталсан байна.

Уг тогтоолын талаар Боловсрол шинжлэх ухааны сайд (БШУ)-ны сайд Л.Энх-Амгалан “Нэгдүгээр ангид 70,000 хүүхэд орохоор 12-р ангийг 35,000 хүүхэд төгсөж байна. Тиймээс  жил бүхэн 35,000 хүүхдийн ачаалал ирж байна гэсэн үг.

2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-ын 859 сургуульд 746,000 суралцагч нар суралцаж байгаагаас улсын хэмжээнд 1,451 суралцагчтай гурван ээлжээр хичээллэж байгаа зургаан сургууль байгаа аж. Түүнчлэн 18 сургуулийн барилга нь удааширсан тул сургуулийн зориулалтаар түрээсэлж буй 20 нь түрээсийн байранд 11,310 хүүхэд суралцаж байгаа юм байна.

Тиймээс нийслэл болон томоохон аймгуудад зарим сургуулиуд гурван ээлжид орох бодитой эрсдэл үүсээд байгаа юм.

Улсын хэмжээнд 20 сургууль шинээр ашиглалтад орлоо гэж бодоход жил бүхэн шинээр сургуульд орж буй хүүхдүүдийн 40 орчим хувийг л хангаж байна” гэв.

2023-2024 оны хичээлийн жилд нийслэлд өндөр ачаалалтай 33,314 суралцагчтай 47 сургууль. 17 аймагт 4,379 суралцагчтай 34 сургууль байгаа аж.

Уг эрсдэлийг шийдэхэд засгийн газрын зүгээс дараах зургаан шийдлийг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

  1. Ачаалал ихтэй байгаа сургуулиуд дээр шинээр болон өргөтгөл хийгдэж байгаа барилга угсралтын ажлуудыг эрчимжүүлэх.
  2. Ирэх хичээлийн жилд сургуулийн дотоод орчны ашиглалтыг сайжруулах, засвар тохижилт хийх. Бусад байгууллага, иргэдийн эзэмшил, өмчлөлд буй сургалтын зориулалтаар ашиглах боломжтой байруудыг түрээслэх замаар богино хугацаанд суудлын тоог нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх. (Уг шийдвэрийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон АТГ, Хөгжлийн Банк зэргийн барьцаанд хураагдсан барилгуудыг сургуулийн зориулалттай болгох ажлыг зохион байгуулна гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан онцлов.)
  3.  Хамран сургах тойргийг шинэчлэн зохион байгуулах. Цаашид нэг ангид 45-аас дээш хүүхэд сургахгүй байх.
  4.  Их дээд сургуулиудын харьяа ахлах сургууль болон ачаалал өндөртэй байршил дахь сургуулиудын бүтэц хэв шинжийг өөрчлөх ажлыг туршилтаар зохион байгуулж энэ жилээс төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлнэ.
  5. Танхимын болон цахим буюу танхимын бус сургалтыг ачаалал өндөртэй сургуулиудын ахлах ангийн хүүхдүүдэд турших.
  6. ЕБС-ын хүүхдийн тооноос хамаарч мэргэжлийн багш нар дутагдах эрсдэл үүсэж байгаа учир 1-2-р ангийн 44-өөс дээш хүүхэдтэй ангид 200 туслах багшийг ажиллуулах. Мөн гурван ээлжид орох эрсдэлтэй сургуулиуд дээр 424 багшийг нэмж ажиллуулах зохицуулалтыг хийнэ.