Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн санг нээв
БОАЖЯ, Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Байгаль орчны шинэчлэл-2” төслийн хүрээнд гүйцэтгэсэн “Олон нийтэд нээлттэй байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн сан”-гийн нээлт өнөөдөр яамны хурлын танхимд боллоо.
БОАЖЯ болон Дэлхийн банкны захиалгын дагуу Нидерландын Вант улсын Засгийн газрын Итгэлийн сангийн санхүүжилтээр “Мэдээлэл тооцооллын төв”-ийн хамт олон энэ ажлыг гүйцэтгэсэн юм. БОАЖЯ-ны дэд сайд, Төслийн үндэсний удирдагч Ч.Жаргалсайхан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг санд нэгтгэснээр мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй, шуурхай болгох маш чухал хэрнээ ихээхэн хүч шавхсан нүсэр ажлын ард бид гарлаа. Гэхдээ энэ зөвхөн эхлэл юм. Учир нь бид дахиад яг ийм 18 мэдээллийн сан бий болгох зорилт өмнөө тавьсан байгаа” гэлээ.
Хамтран зохион байгуулагч талыг төлөөлж “Байгаль орчны шинэчлэл-2” төслийн удирдагч, Дэлхийн банкнаас Монгол орны байгаль орчныг хариуцсан зохицуулагч Тони Виттен “Энэ ажилд ихээхэн анхаарал тавьж, иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулснаар богино хугацаанд олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэл дэлгэсэн Л.Гансүх сайдад талархал илэрхийлье” гэсэн бол санхүүжүүлэгч талыг төлөөлж Нидерландын ЭСЯ-ны Улаанбаатар хот дахь төлөөлөгч Чаллинг Халберцма “Уул уурхай Монголын хөгжлийн гол хөдөлгөгч болж буй энэ үед байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож байгаа нь энэ салбарын хөгжлийн маш сайн үзүүлэлт болно” гэж хэлсэн үгэндээ онцлов.
Үнэлгээний тайланг олон нийтэд нээлттэй болгосноор хаанахын ямар ордод хэн, хэрхэн үнэлгээ хийсэн тухай холбогдох бүх мэдээлэл нэг дор төвлөрлөө. Мэдээллийн цахим сан http://geodata.mne-ngic.mn/eiareport/ вэб сайт юм байна.