УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагагүй хэмээн үзлээ
2010.03.10

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагагүй хэмээн үзлээ

Саяхан  ‘’Амлалт нэхэх ард түмний  холбоо’’-ноос Улсын Их Хурлын дарга болон гишүүдэд хандаж ирүүлсэн иргэн chuulgan_12бүрд бэлнээр өгнө гэж амласан 2.5 сая төгрөгийн амлалтаа ойрын хугацаанд нэн яаралтай биелүүлэх асуудлыг хэлэлцэхийн тулд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2010 оны 3 дугаар сарын 15-ны дотор зарлан хуралдуулахыг шаардсан мэдэгдэл ирсэн билээ.  

Уг  мэдэгдэлийн хариуг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл гаргасан байна. 

Амлалт нэхэх ард түмний холбоонд
Мэдэгдэлийн хариу
Танай холбооноос Улсын Их Хурлын дарга болон гишүүдэд хандаж ирүүлсэн иргэн бүрд бэлнээр өгнө гэж амласан 2.5 сая төгрөгийн амлалтаа ойрын хугацаанд нэн яаралтай биелүүлэх асуудлыг хэлэлцэхийн тулд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2010 оны 3 дугаар сарын 15-ны дотор зарлан хуралдуулахыг шаардсан мэдэгдэлтэй танилцлаа.  

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхи нь санал гаргаж, тодорхой хэлэлцүүлэх асуудлыг санаачилж, өргөн мэдүүлсэн тохиолдолд зарлан хуралдуулж болдог. Гэтэл та бүхний санал болгож байгаа амлалтыг хэлэлцүүлэх талаар ээлжит бус чуулган хуралдуулах санал хууль санаачлагчдын зүгээс гараагүй байна.   

Энэ асуудлыг хэлэлцэхийн тулд улс орны эдийн засгийн өнөөгийн бодит боломжийг дахин нарийвчлан тооцож үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ээлжит бус чуулганыг хуралдуулах бэлтгэл хангагдсан байх шаардлагатай гэж үзэж байна.   

Энэ оны 2 дугаар сарын 04-ний өдөр өндөрлөсөн Улсын Их Хурлын намрын чуулганаар Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталж, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон орд газрыг эргэлтэнд оруулсны орлогоос ард иргэддээ хишиг, хувь хүртээх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуулийг тусад нь баталж,  орлогын эх үүсвэрийн бодит боломжийг харгалзан үзэж энэ онд иргэн бүрд олгох мөнгөний хэмжээг улсын төсөвт тусгаж, эхний ээлжинд 70 мянган төгрөгийг бэлнээр олгож байна. Мөн энэ хувь хэмжээг цаашид нэмэгдүүлэх боломжийг судалж нэмэгдэл санал боловсруулах үүргийг Засгийн газарт өгсөн.  

Улсын Их Хурлын гишүүд чуулганы завларлагаанаар цас зудын байдалтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.   

Ихэнх аймгийн нутгаар цас зудын байдал үргэлжилж мал хаваржаалалт хүндэрсэн, мөн Нийслэл хотод амаржих газар шинээр барих, хуучныг засварлахад нэмэлт хөрөнгө шаардагдаж байна. Эдгээр байдалтай холбоотойгоор Улсын Их Хурал энэ оны оны төсөвт тодотгол хийх нь зүйтэй гэж үзэж Засгийн газарт чиглэл өгсөн бөгөөд төсвийн тодотголыг ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдөр нээгдэх Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы эхэнд хэлэлцэхээр төлөвлөж байна.   

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, амлалтын асуудлыг хэлэлцүүлэхийг танай холбооноос шаардсан нь хууль эрх зүйн болон бодит нөхцөл байдлын хувьд ч боломжгүй болох нь харагдаж байна.  

Ард иргэдийн амьдрал хүнд байгаа нь та бидэнд ойлгомжтой ч өнөөгийн нөхцөл байдал, үүний дотор санхүүгийн хүндрэлтэй байдлыг гэтлэн давах, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдлийг бууруулах нь эхний ээлжийн тулгамдсан асуудал гэдгийг ойлгоно байх гэдэгт найдаж байна.   

Хүндэтгэсэн,

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга                                          Ц.ШАРАВДОРЖ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.