2023.06.28
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөв
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 28-ны өдөр Бээжин хотноо Хятадын Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөв.
Нийслэл Бээжин хотын Тяньаньмэний талбайн төв хэсэгт байрлах Хятадын Ардын баатруудын хөшөөг 1958 онд босгосон бөгөөд шинэ Хятад улсыг байгуулах, эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө амь насаа зориулсан баатруудын гэгээн дурсгалд зориулж бүтээжээ.
Баатруудын хөшөөний өндөр 37,94 метр, 17 мянгаад хэсэг боржин болон гантиган цагаан чулуугаар бүтээсэн. Уг хөшөөнд БНХАУ-ыг үндэслэгч Мао Зэдун даргын бичсэн “Ардын баатрууд үүрд мөнхөрнө” гэсэн бичвэрийг сийлсэн байдаг.