Монгол цэргийн золбоо хийморь үеийн үед мандан бадартугай
2010.03.18

Монгол цэргийн золбоо хийморь үеийн үед мандан бадартугай

Монгол улсын Батлан хамгаалахын сайд Л.Болдын мэндчилгээ

bold_088888888Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, албан хаагчид аа!

Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа офицер, ахлагч нар аа!

Дайнд оролцсон болон бэлтгэл, чөлөөнд байгаа ахмад дайчид аа!

Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсынхаа буурал түүхийг өртөөлөн Монгол цэргийн дайчин уламжлалыг өвлөн үргэлжлүүлж буй Та бүхэндээ 1921 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хиагт хотноо байгуулсан Монголын ардын журамт цэргийн анхны ялалтын өдөр буюу  орчин үеийн  Зэвсэгт хүчин үүсэн хөгжиж ирсний 89 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээг  өргөн дэвшүүлье.

Монгол орны хөгжил, цэцэглэлт, ардчилсан нийгмийн байгуулалт нь ямагт улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай амин холбоотой байсан одоо ч тийм байгаа  бөгөөд энэхүү үйл хэрэгт Зэвсэгт хүчин онцгой үүрэг гүйцэтгэсэн гавъяатай.

Эх нутаг, газар шороо, элгэн саднаа харийн түрэмгийлэгчдээс хамгаалан, Төр түмнийхээ итгэл, найдварыг хүлээж эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах өндөр хариуцлага, нэр төртэй үүргийг гүйцэтгэж, түүнд ухамсарт  амьдрал, бие сэтгэлээ бүрэн зориулсан үе үеийн дайчдын гавъяат үйлсийг баярын энэ өдөр хүндэтгэн дурсахад таатай байна.

Ардын журамт цэрэг бүрэлдэн бий болсноор Монгол Улсын Зэвсэгт хүчний байгуулалтын шинэ үеийн эхлэлийг тавьж  морьт цэргээс морьт механикжуулсан цэрэг, улмаар мотобуудлагын цэрэг болон өргөтгөн шинэчлэгдэж ирсэн бөгөөд 1990 оны заагаас мэргэжлийн чиг баримжаатай Зэвсэгт хүчинтэй болох Төрийн бодлогыг  эрчимтэй хэрэгжүүлж байгаа нь өнөө үеийн бахархал мөн билээ.

Энэ хөгжил дэвшил нь Зэвсэгт хүчнийг 2015 онд хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цэргийн шинэчлэлийн бодлогыг гүнзгийрүүлэх, манай цэргийн баг дэлхийн халуун цэгт энхийг дэмжих ажиллагаанд оролцож, үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн, эх орныхоо бүтээн байгуулалтын болон бусад олон талт шинэлэг бөгөөд нэн хариуцлагатай үүрэг зорилтууд манай салбарын өмнө тавигдаж байгаагаар  илэрхийлэгдэх болно.

Ийнхүү Монгол цэрэг, Зэвсэгт хүчнийхээ дайчин алдрын түүхийг улам батжуулан хөгжүүлэх, Зэвсэгт хүчний өмнө тавьж буй Төрийн бодлого, зорилтуудыг бүтээлчээр хэрэгжүүлэх нь Та бүхний эрхэм үүрэг, зорилт болж  байгааг  онцлон тэмдэглэж байна.

Баярын өдрийг тохиолдуулан салбарынхаа хамт олонд болон Зэвсэгт хүчнийг дэмжин хүндэтгэдэг, хамтран ажилладаг нийт байгууллага, ард иргэддээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг билэгдэн ерөөе.

Монгол цэргийн золбоо хийморь үеийн үед мандан бадартугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Л.БОЛД
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.