Монгол улсад гурван генерал нэмэгдлээ
Төрийн ордоны ёслол хүндэтгэлийн өргөөнд Зэвсэгт хүчний яруу алдарт 89 жилийн ойг тохиолдуулан шагнал гардуулах ёслол болж байна. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 158 дугаар зарлигаар өнөөдөр гурван хүнд Бригадын генерал цол олголоо. Зэвсэгт хүчний ерөнхий жанжин штабын хянан шалгах газрын дарга, хурандаа Дамдинсүрэнгийн Энхбаатар, БХЯ-ны Стратеги, удирдлага, төлөвлөлтийн газрын дарга, Иракт энхийг сахиулах II ээлжийг ахалж байсан хурандаа Дашваанжилын Баярсайхан, Зэвсэгт хүчний агаарын довтолгооныг командлагч хурандаа Дожоогийн Дашдэлэг нарыг Бригадын генерал цолоор шагналаа. Мөн Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн эскадрилийн дарга А.Цогнэмэх гавьяат нисгэгч цол хүртсэн юм.
Бригадын генарал цол авсан эрхэмүүдээс сэтгэгдлийг нь сонслоо.
Генерал Д.Баярсайхан:
-Сэтгэгдэл маш өндөр байна. Маш олон жилийн дараа буюу 31 жилийн дараа энэ цолыг хүртэж байна. Сэтгэгдэл өндөр байна. Зэвсэгт хүчнийхээ цаашид хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, гар бие оролцсон гэж үзээд надад генерал цол олгож байна гэж ойлгож байна. Анх 1999 онд энхийг сахиулах ажиллагааны хэлтэс байгуулагдахад мэргэжилтнээр очиж байлаа. Тэр үеийг бодвол одоо их хөгжсөн. Тухайн үед зарим зүйлээ мэддэггүй байсан бол одоо Африкийн орнуудад олон цэрэг явуулж ажиллагаанд оролцож байна.
Генерал Д.Энхбаатар:
-Цэргийн дээд цол хүртсэндээ баяртай байна. Сэтгэл их хөдөлж байна. Би байлдагчаас эхлээд цэргийн албанд байсан хүн. Анх байлдагчаас офицер болж, дэслэгчийн мөрдэс зүүж байлаа. Энэ мөчид энгийн байлдагч байсан тэр үеэ саналаа. Бараг 30-аад жилийн өмнө би ингээд офицер боллоо гэж үү гэж бодож байсан. Өнөөдөр яг түүнтэй адил сэтгэгдэл төрж байна.
Генерал Д.Дашдэлэг: Генерал болсондоо баяртай байна.
-Би Зэвсэгт хүчинд байлдагчаас эхлээд генерал цол хүртэтлээ алба хааж байна. Монгол улсынхаа агаарын орон зайд хяналт тавих ажилдаа цаашид амжилт гаргана гэж бодож байна. Зэвсэгт хүчинд ажиллах хугацаандаа бүх шатны албан үүрэг гүйцэтгэж байлаа. Би цэрэг байсан, хорооны штабын дарга, ангиудын захирагч, командлагчийн орлогч байгаад агаарын довтолгооноос хамгаалах командлагч хэмээх эрхэм албан тушаалд ноднин жил томилогдсон. Би эрхэм хүндтэй генерал цол хүртсэндээ баяртай байна.
Ийнхүү шинэхэн төрсөн генералууд мөрдөсөө зүүлээ. Түүхэт энэ өдөр Зэвсэгт хүчний байгууллагынхан Цэргийн гавьяаны улаан туг, Хөдөлмөрийн гавьяаны улаан туг, Цэргийн гавяаны одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар олон хүн шагнуулсан юм.