Швейцарийн Холбооны Улс зудад нэрвэгдсэн малчдад зориулж 500,000 франкын тусламж үзүүлнэ
2010.03.19

Швейцарийн Холбооны Улс зудад нэрвэгдсэн малчдад зориулж 500,000 франкын тусламж үзүүлнэ

-Швейцарийн хөгжлийн агентлаг (SDC) зудын гамшигт нэрвэгдээд байгаа малчдад зориулж 500,000 мянган швейцарь франкын  хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо.-

Энэ өвөл цас их орж, цаг агаар онцгой хүйтэрсний улмаас Монгол улсад зудын гамшиг нүүрлэж олон мянган малчин амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргээmalchid алдаад байна. Үүнтэй холбогдуулан гамшгийн хүнд нөхцөлд байгаа 200 гаруй мянган иргэнд тусламжийн гараа сунгаж, яаралтай тусламж үзүүлэхийг Монгол Улсын Засгийн газраас олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалсан билээ.
Швейцарийн хөгжлийн агентлагийн энэ удаагийн тусламжийн төсөл зуданд хамгийн их нэрвэгдээд байгаа 20 сумын 9,000 гаруй өрх буюу ойролцоогоор 36,000 иргэдэд чиглэх бөгөөд тус агентлагийн “Ногоон алт” Бэлчээрийн экосистемийн удирдлага төсөл хэрэгжиж байгаа малчдын өөрөө удирдах байгууллага болох Бэлчээр ашиглагчдын хэсгүүдээр (БАХ) дамжин малчдад хүрэх юм.

Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлэх энэхүү төсөл нь малчдын эмзэг ядуу хэсгийг ядууралд улам нэрвэгдэхээс сэргийлэх зорилготой бөгөөд тэдэнд хоол хүнс, түлш шатахуун, эм тариа болон малын тэжээл, малын эм тариа, ариутгалын бодис зэрэг нэн тэргүүний хэрэгцээт зүйлсээ худалдан авахад шаардлагатай мөнгийг БАХ-дэд олгох юм.

Швейцарь улсын хүмүүнлэгийн тусламжийг малчдын хэрэгцээнд тулгуурлан олгох бөгөөд энэ тусламжийг зарцуулах хэрэгцээгээ тодорхойлж, хамгийн үр ашигтай ашиглах арга замаа тодорхойлох боломжийг малчдад өөрсдөд нь олгож байгаа юм. Энэ арга үр дүнтэй болох нь 2002-2006 онд Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлсэн “Малчдад зориулсан бэлэн мөнгөний тусламж” төслөөр нотлогдсон бөгөөд энэ үеэр нийт 2.1 сая швейцарь франк буюу 2.0 тэрбум орчим төгрөгийг 7500 гаруй малчин өрхөд олгосон билээ. Энэ нь төслийн үр шимийг хүртэгчдэд өөрсдөө сонголт хийх боломж олгодог Швейцарь улсын туршлагад нийцэж байгаа юм.  

Уг тусламжийн төслийг хэрэгжүүлж зудын үр дагаварыг багасгахад Завхан, Архангай, Төв, Дундговь аймгийн малчдын өөрөө удирдах байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэх юм. Төслийг Монголын Бэлчээрийн менежментийн холбоо холбогдох сумдын захиргаатай хамтран хэрэгжүүлэх бөгөөд тус холбоо Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр улсын хэмжээгээр нийт 55 суманд малчдын хамтын байгууллага байгуулаад байгаа билээ.  

Швейцарийн хөгжлийн агентлагаас малчдын нэн даруй шаардлагатай байгаа зүйлд хүмүүнлэгийн тусламж үзүүлээд зогсохгүй цаашид гамшгийн эрсдэлийг багасгах асуудлаар үргэлжлүүлэн ажиллах болно. Энэ хүрээнд тус агентлаг  бэлчээрийн тогтвортой менежмент, цөлжилтийг сааруулах, хөдөөд амьжиргааны нэмэлт эх үүсвэр бий болгох зэрэг чиглэлээр урт хугацааны төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ Дэлхийн Банк, Монгол Улсын Засгийн хамтран хэрэгжүүлж буй Малын индексжүүлсэн даатгал төслийг хамтран санхүүжүүлж байна.

Энэхүү тусламж нь 1999-2003 оны зудны дараа Улаанбаатар хотын хүн ам хоёр дахин өсч 600 мянгаас 1,3 сая болсон шиг хөдөөгөөс хот суурин газар шилжих хөдөлгөөнийг сааруулахад туслана гэдэгт итгэлтэй байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.