Б.Саранчимэг:

Малын тэжээл тариалалтыг урамшуулалтай болгож, малын тооноос илүү чанарт шилжих нь чухал


8 минут уншина
Б.Саранчимэг: Малын тэжээл тариалалтыг урамшуулалтай болгож, малын тооноос илүү чанарт шилжих нь чухал

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг "Vip Expert" сэтгүүлийн зургадугаар сарын дугаарт зочноор оролцож, онцлох сэдвийг хөндсөн байна. 

МАЛ АЖ АХУЙН САЛБАРТ ШИНЭ ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫГ НЭВТРҮҮЛЬЕ

Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хандсан бодлого бол Монгол улсын урт хугацааны хөгжлийн тулгуур бодлого байсаар ирсэн. Энэ салбарын бодлогыг тодорхойлж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажилладаг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо урт хугацааны хөгжлийн хөтөлбөр “Алсын хараа 2050”, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, хууль, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох зорилт тавин ажиллаж байна. Тус байнгын хороонд 

  • Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого
  • Хөдөөгийн сэргэлтийн бодлого
  • Ногоон хөгжлийн сэргэлтийн бодлого харьяалагддаг бөгөөд онцгойлон цөлжилт ба бэлчээр, мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуй, хүнсний салбарын аюулгүй байдалд, анхаарал хандуулан ажиллаж байна.

Малын тэжээл тариалалтыг урамшуулж, бэлчээрээ сэргээе

Дэлхийн уур амьсгалтын өөрчлөлтөөс үүдэн, Монгол орны хэмжээнд нийт газар нутгийн 76,4 хувь цөлжилтөд өртөж, бэлчээрийн даац хэтэрч, бэлчээрийн доройтолд орсон. Энэ нь зөвхөн мал, малчны тухай асуудал биш, үүнийг дагаад малчид болон сум орон нутгийн иргэдийн ахуй амьдрал, цаашлаад хөдөө аж ахуйн салбарт бүхэлд нь нөлөөлөх чухал асуудал. Иймд бэлчээрийн асуудлыг том зургаар харж, технологийн дэвшил, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрчлөлт, шинэчлэлт зэрэг төрийн бүх бодлоготой уялдуулж, Иргэний хууль, Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж, бэлчээр ашиглалт хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулах зайлшгүй шаардлага үүссэн.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Монгол орон даяар бүсчилсэн байдлаар зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт оролцогчид бэлчээрийн доройтол, цөлжилт газар авч малчдын амьжиргаа, хөдөөгийн хөгжилд сөрөг асуудлыг бий болгож байгаа, бэлчээрийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах чиглэлд санал нэгдсэн.

Харин цаг алдахгүй хууль эрх зүйн орчноо сайжруулж, бэлчээрээ хамгаалж чадвал бэлчээр байгалийнхаа аясаар 80 хувь сэргэх магадлалтай гэсэн дүн гарсан. Иймд тулгамдсан асуудлын гарц, гаргалгааг бодитоор тодорхойлж, Бэлчээрийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Цөлжилтийг бууруулах ногоон байгууламж нь барилга байшингаас илүү том бүтээн байгуулалт

Цөлжилтийн сөрөг үр дагаврыг багасгахад ногоон хөгжлийг дэмжих ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэдийн хандлага өөрчлөгдөж, мод тарих ач холбогдлыг ойлгож, дэмжиж ажиллаж байгаа нь сайн үр дүн юм. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй өрнүүлэхэд чиглэгдсэн хууль эрх зүйн орчныг сайжруулах болон бусад асуудалд анхааран ажиллаж байна. Ногоон байгууламж нь барилга байшингаас илүү том бүтээн байгуулалт гэж хардаг. УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Б.Саранчимэгийн хувьд ногоон байгууламжийг хөгжүүлэхэд туршлага хуримтлуулан ажиллаж байгаа бөгөөд 2014 оны намар өөрийн төрсөн нутаг Дундговь аймгийн Бага газрын чулууны энгэрт төгөл байгуулсан нь өндөр ургаж, тухайн газрын хөрс, экологи нөхөн төлжиж байна.

Энэ нь говьд зөв технологиор тарьсан тарьц арчилгаа, хамгаалалттай бол ургуулж болдгийн тод жишээ юм. Түүнчлэн Б.Саранчимэг гишүүн 2015 оноос нийслэл хотын ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлсэн Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн эхлэлийг амжилттай тавьж байлаа. Хамгийн түрүүнд ТЭЗҮ хийлгэх, гадаадын мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах, зураг төсөл боловсруулах, ерөнхий төлөвлөгөөг батлуулах, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн дэмжлэг авах тал дээр анхаарч ажилласны дүнд 2015 ондоо 100 мянга гаруй мод бутыг амжилттай тарьж ургуулсан юм. Мод тарихдаа шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв төлөвлөлт, технологиор тарих нь хамгийн чухал. Тэрээр өөрийн сурсан, мэдсэн туршлагаа ногоон хөгжлийн сэргэлтийн бодлогын хүрээнд бусадтай хуваалцаж, ногоон хөгжлийн төлөө ажиллаж байна.

Малын тооноос илүү чанарт шилжүүлье

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны эрхлэх асуудлын нэг нь МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН БОДЛОГО томоохон байр суурь эзэлдэг. Улсын хэмжээнд энэ жил 71 сая мал тоолуулсан сайн мэдээ байгаа ч, бэлчээрийн доройтол, газар нутгийн цөлжилт, хөдөөгөөс хот суурин руу чиглэсэн иргэдийн шилжилт хөдөлгөөн, малчдын орлого хомс, эдийн засгийн чадавх бага гэх мэт олон сорилт бэрхшээл МАА-н салбарын өмнө тулгардаг. Төрөөс энэ асуудалд анхаарч бодлого гаргаж, ажилласаар ирсэн. Тухайлбал 2023 оны төсөвт мал аж ахуйн гаралтай түүхий эдээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг тусгасан.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолд нэг малаас авах сүү, мах, ноос, ноолуурын гарцыг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацтай уялдуулан малын тоо толгойг зохистой түвшинд барих, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц ажлыг хэрэгжүүлэх малчдын амьдрал, амьжиргаанд эерэг нөлөөлөх томоохон асуудал тусгагдсан.

2022 онд Ноос ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдаж, малчдын боловсруулах үйлдвэрт тушаасан сарлагийн хөөвөр, торомны ноосны чанараас хамааруулан мөнгөн урамшуулал олгох нөхцөл бүрдсэн юм. Цаашдаа төрөөс мах, сүүг үйлдвэрийн аргаар бэлтгэн боловсруулах жижиг цехүүдийг дэмжиж, малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг хөдөө орон нутагт хөгжүүлэхэд илүү анхаарч ажиллана.

Иймд малчдын амьдралыг сайжруулж, МАА-н салбарыг тогтвортой хөгжүүлэхийн тулд дараах асуудалд анхаарах нь зүйтэй.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэ

Шимт чанарыг сайжруулах, малын тооноос илүү чанарт шилжүүлэх, биотехнологийн ололт, инновацыг нэвтрүүлэх, малын удмын санг сайжруулах, эрчимжсэн болон хосолсон мал аж ахуйг хөгжүүлэх, мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, сүргийн зохист бүтцийг бүрдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, байгалийн гаралтай болон органик түүхий эд, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Бэлчээрийн даац хэтэрсэн, цөлжилт хурдтай явагдаж байгаа энэ цаг үед малчид өвс, тэжээлээ хангалттай хэмжээгээр бэлтгэх нь асар чухал. Тиймээс сумын төвийн айлууд малын тэжээл тариалах бүрэн боломжтой юм.
Түүнчлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо нь малын тэжээлийн хэрэгцээ, нөөц бэлтгэл, отор нүүдэл, мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспорт зэрэг энэ салбарын олон асуудалд анхаарал хандуулан ажиллаж, хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гарган шийдвэрлүүлэх, хуулийн төсөл боловсруулах чиглэлээр ажиллаж байна.

Байгаль орчинд ээлтэй, баталгаажсан сортын үрээр дотоодын хэрэгцээгээ хангая 

Газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, байгаль орчинд ээлтэй, бүтээмж өндөртэй, эрсдэл даах чадвартай, ашиг өгөөж өндөртэй, тухайн бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон, баталгаажсан сортын үрээр дотоодын хэрэгцээг хангах шаардлага бий. Үүнийг хэрэгжүүлж манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болгох үүднээс хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

Тухайлбал байнгын хороогоор хэлэлцэж буй “ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ” хуулийн төсөл нь эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй хөдөө аж ахуйн салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлага болсон байгалийн гаралтай, тэр дундаа органик үйлдвэрлэлийн салбарын хөгжүүлж, хоол хүнсний аюулгүй байдлаас үүсдэг өвчлөл, хүн амын эрүүл мэндийн асуудлыг шийдэхэд чухал ач холбогдолтой юм.

Манай улс 2030 он гэхэд нийт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулна гэсэн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэхүү хууль батлагдсанаар байгаль орчин, эко систем, хүний эрүүл мэндэд ээлтэй органик үйлдвэрлэлийг дэмжин зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, бүс, орон нутгийг хөгжүүлэх, орон нутагт ажлын байр бий болгох, органик хүнс, бүтээгдэхүүнээр хүн амаа хангах, экспортод гарах боломж бүрдэнэ.

Хөдөө аж ахуйн салбараа дэмжиж импортын хамаарлыг бууруулж, экспортлогч орон болъё 

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж ирсэн хөдөө аж ахуйн салбарын өмнө тулгамдаж буй олон асуудал бий. Үүнийг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дараах зорилтыг дэвшүүлсэн.

Үүнд: Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих замаар мах, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ. Мал, малын гаралтай түүхий эдийг боловсруулах байгальд ээлтэй цогцолбор байгуулж, хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний экспортыг өсгөнө. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлсэн малчид, тариаланчдад төрөөс урамшуулал олгоно. Хөдөө аж ахуйн тээвэр, борлуулалтын логистикийн сүлжээг байгуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн чанарын хяналт, баталгаажуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.

Дагуул хотуудад дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.Түүхий эдийн нөөцөд тулгуурлан орон нутгийн онцлогт тохирсон ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг хөгжлийн хөтөлбөр тусгагдсан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлснээр энэ салбарын ажиллах хүчин нэмэгдэж, орлого өсөж, цаашлаад импортын хамаарлыг бууруулж, экспортыг өсгөх боломжтой. БОХХАА-н байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд үүнд анхаарал хандуулан ажиллаж байна.



Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл

Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн гол асуудал нь хүн ардаа эрүүл, шим тэжээлтэй, стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой, хүртээмжтэй хангах явдал юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг байнгын хороонд хэлэлцэж, УИХ-аас баталж гаргасан. Энэхүү Улсын Их Хурлын тогтоол нь зорилго, үйл ажиллагаанаас гадна санхүүжилтийг хамтад нь шийдэж хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.

Тодруулбал, 2023 онд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 138,272.30 сая төгрөг, Хүнсний үйлдвэр, Газар тариалан, Мал аж ахуйн салбар, Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон судалгаа шинжилгээний зардалд 89,980.90 сая төгрөг, нийтдээ 228,253.20 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөж, ажлаа төсөв санхүүжилттэй нь уялдуулж өгсөн нь бодит үр дүнгээ өгч, хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байх боломж бүрдлээ.

Мөн хүнсний хангамжаас гадна хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч энэ чиглэлийн ажил үр дүнгээ өгч буйд БОХХАА-н байнгын хорооны даргын хувьд талархаж байна. Дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулан Хөдөө аж ахуйн тухай, Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хууль болон Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Ургамал хамгаалал, ургамлын эрүүл мэндийн тухай, Тариалангийн даатгалын тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Төрийн хяналт, шалгалтын тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

УИХ-д өргөн мэдүүлэх салбарын асуудлын талаарх хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах, мэдээлэл солилцох хэлэлцүүлгийг зохион байгуулан ажиллаж, хууль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд ач холбогдол өгч ажиллаж байна.

Түүнчлэн УИХ иргэд, олон нийтдээ ойртох боломжийг бүрдүүлэх бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй “D-Parliament” цахим системээр иргэд, иргэний нийгмийн байгууллагууд санал хүсэлтээ илэрхийлэн оролцож байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг


Мянга мянган жил монголчуудын амьдралын эх ундарга болсон мал аж ахуй, хөдөө аж ахуй өдгөө ч та биднийг тэжээн тэтгэсээр байна. Эх нутаг, хөрс шороо, байгаль орчноо хайрлан хамгаалахад өвөг дээдсийнхээ захиасын хамт хууль эрх зүйн орчныг сайжруулахын тулд ахалж буй байнгын хороо, хууль тогтоох байгууллагад ажиллаж буй цаг хугацаандаа хичээнгүйлэн зүтгэх болно.