2023.08.08

ГАМШИГТ ӨРТСӨН ИРГЭДЭД СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Үерийн гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Онцгой Комиссын хуралдаанаас гаргасан чиглэлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг байгууллаа. Тус ажлын хэсэг нийслэлийн 127 дугаар сургууль дээр байрлан үерийн гамшигт өртсөн иргэдэд сэтгэл зүйн болон нийгмийн халамжийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, зөвлөх Т.Бат-Эрдэнэ, Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал нар үерийн голомтод ажиллалаа.

Энэ үеэрээ Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ажиллаж буй алба хаагчдад зориулалтын хувцас хэрэглэл, амны хаалт, шаардлагатай хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгч, түр орогнох байранд байрлаж буй иргэдэд хөнжил гудас, хүнс, тэжээлийн тусламж /өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний багц/ үзүүлэн ажиллаж байна. 

Гэр оронгүй болсон иргэдэд түр байрлах боломжийг бүрдүүлснээс гадна тусгай өрөө бэлтгэн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж байна. Гамшигт өртсөн иргэд болон хүүхдүүдийн сэтгэл санааны байдал өмнөх өдрөөс харьцангуй дээрдсэн талаар түр хорогдох байранд ажиллаж буй сэтгэл зүйч танилцуулсан. Иргэдийн зүгээс дахин гамшиг болох вий гэсэн айдас түгшүүртэй байгаа тул зам, далан, гудамж талбайг засварлахад юун түрүүнд анхаарахыг хүслээ.

Мөн зарим өрх хашаа хороо, гэр орноо сэргээх, цэвэрлэх ажилд хүн хүч дутагдалтай байгаа бөгөөд эрчим хүчний хүндрэл, газар өмчлөх эрхийн асуудлаар саналаа илэрхийллээ. Сайд, яамны зүгээс холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа талаар танилцуулж, иргэдийн тавьсан санал хүсэлтийг Засгийн газар болон Улсын Онцгой комисст уламжилна гэдгээ хэллээ.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас үерт өртсөн иргэдэд тусламж үзүүлэхээс гадна тэнд ажиллаж буй албан хаагчдын аюулгүй байдал эрүүл ахуйг хангахад анхаарч зориулалтын хувцас хэрэглэл, хэрэглэгдэхүүнээр ханган ажиллаж байна.