2010.03.19
Д.Зоригт: Оюутолгой, Тавантолгойд улс төрийн дүгнэлт хэрэггүй
УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригттой Оюутолгой, Тавантолгой тойрсон асуудлаар ярилцлаа.
-Оюутолгойн гэрээний явц ямар байгаа вэ?
-Гэрээ хэрэгжээд эхэлчихсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 6 гэхэд тодорхой заалтууд нь хэрэгжээд гэрээ хүчин төгөлдөр үйлчлээд явах ёстой.-Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс техник эдийн засгийн үндэслэлүүдэд тодорхой өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн. Энэ талаар юу хэлэх вэ?
-Үйлдвэрийн хүчин чадлын талаар тавьсан шаардлагыг хүлээж авсан. Хоёр хувийн роялтийг техник эдийн засгийн үндэслэлээс авахаар болсон. Үйлдвэрийн хүчин чадлын талаарх шаардлагыг хүлээж авч байна. Таван жилийн дараа усны нөөцөө нэмэгдүүлж байж үйлдвэрийнхээ хүчин чадлыг өсгөнө гэх зэрэг шаардлагыг хүлээж авсан. Энэ мэт Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс тавьсан шаардлагуудыг үндсэнд нь хүлээж авсан гэж ойлгож байна. Эрчим хүч, дэд бүтцийн асуудал байна. Үүнийгээ цэгцлэх асуудал байгаа.-Ордын нөөцийн хэмжээг багасгаж тооцсон гэсэн яриа юунаас шалтгаалж гарсан бэ?
-Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл өнөөдрийн байдлаар хүлээж авсан нөөцийн эдийн засгийн үр ашиг дээр төлөвлөгөөгөө боловсруулсан. Үлдсэн 19 сая тонн дээр нэмэлт хайгуул хийгээд нөөцөө нэмэг¬дүүлээд оруулаад ир гэсэн үүрэг өгсөн. Өнөөдөр баталж өгсөн хэсэг дээр техник эдийн засгийн үндэслэлээ хийгээд, түүн дээрээ нэмэлт хайгуулаа явуулаад нөөцөө өсгөж болно. Тэгээд дахиад техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж болно. Эрдэнэт ч ийм л хэлбэрээр явсан. Эрдэнэтийг анх дөрвөн сая тоннын нөөцтэй гэсэн. Сүүлд нь 16 сая тонн болсон. Нөөцийг нь хоёр үе шаттай баталсан юм билээ. Үүн дээр зориуд мэдэхгүй царайлж байгаа юм уу, мэддэг хүмүүс нь ярихгүй байна уу. Ордын нөөцийг багасгасан гэдэг яриа яваад байгаад гайхаж байна. Эрдэс баялгийн нөөцийн зөвлөл дотор нөөц хүлээж авсан хүмүүсээс бий. Баталсан нөөцийн хэмжээнд нь техник эдийн засгийн үндэслэлээ бичсэн байна лээ. Тэгэхээр 19 сая тонныг бараг хаясан юм шиг яриад байгааг ойлгохгүй байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс нэмэлт хайгуул хийгээд оруулж ир гэж хүссэн. Хийгээд л оруулаад ирнэ шүү дээ.-Түүнийг хүлээлгүй улстөржөөд байна гэж үзэж болох уу?
-Улстөрчид бол улстөрчид. Тэд улс төрийн дүгнэлт гаргадаг хүмүүс. Мэргэжлийн хүмүүсээр ажлыг нь хийлгэмээр байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөв¬лөл гээд мэргэжлийн хүмүүс байна. Тэд нөөцийн мэргэжлийн дүгнэлтээ гаргасан. Тэр нөөц дээр үндэслээд техник эдийн засгийн үндэслэлийн анхны төслийг оруулж ирсэн. Дүгнэлтээ гаргаад тодруулга хийгээрэй гээд явуулсан. Эргээд хариуг нь өгсөн байна. Тэгж байхад түүнийг ямар нэг байдлаар мушгиад, гуйвуу¬лаад, улс төрийн оноо авах гэсэн алхам хийгээд байж таарахгүй. Би уг нь том үг хэрэглэмээргүй байна. Зүгээр л улс орны ажилд энэ их улстөржилт хэрэгтэй ч юм уу даа, үгүй юү гэсэн бодол мэргэжлийн үүднээс төрж байна. Энэ төслийг ер нь яах гээд байгаа юм. Битгий босоосой гэж хүсээд байгаа юм уу. Мэргэжлийн хүмүүс нь ажиллаад төслийг ажил хэрэг болгох гээд явж байхад, гэрээг УИХ-аар батлаад хамтарсан шийдвэрээ гаргаад, гарын үсэг зурсан байхад дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр болгохоос нь өмнө яаж ийж байгаад хамаг хүчээрээ зогсооё гэсэн эсрэг сонирхол байгаа юм болов уу гэж бодож байна. Тэр нь өөрөө улс орны ашиг сонирхолд хэр нийцэж байгаа юм бол оо гэсэн эргэлзээ надад байна. Оюутолгойг, Тавантолгойг улстөржүүлмээргүй л байгаа юм. Улс эх орны хөгжилтэй холбоотой, ахмад настны тэтгэвэр, хүүхдийн боловсрол, эх орны ирээдүйтэй холбоотой асуудлыг улстөржүүлж яах юм бэ. Мэргэжлийн төвшинд тайван ярьж сурах хэрэгтэй л гэж би ойлгоод байгаа юм. Улс төрийн оноо авах гэж энэ том төслийг зогсоох гэж улайран зүтгээд байгаа сонирхол нь зүгээр л улс төрийн гаргалгаатай зүйл болов уу гэж бодогдоод байдаг.-Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дээр улстөржихгүй гэх баталгаа байна уу?
-Ажлын хэсгийнхнийг мэргэжлийн төвшин, ур чадвараар нь сонгож авсан. Тэр энэ гэж ялгаж хэлмээргүй байна. Нэг ч улстөрч тэр дунд байхгүй. Дандаа мэргэжлийн хүмүүс. Нөөцийг баталсан ажлын хэсэг дотор биднийг шүүмжлээд байдаг Иргэний нийгмийн, гэхдээ мэргэжлийн хүмүүсийг зориуд оруулсан. Ямар нэг улс төрийн өнгө аяс оруулалгүйгээр аль болох олон хүний дуу хоолойг сонсч оруулмаар байгаа юм.-Тэгэхээр улс төрийн илүү дутуу дүгнэлт хэрэггүй гэж хэлж байна уу?
-Улстөрчид бол дүгнэлтээ аль эрт гаргасан шүү дээ. УИХ гэрээнд гарын үсэг зуръя гэж шийдээд л зурсан. Одоо бол техникийн ажил л байх ёстой. Би ч тэр ажилд оролцохгүй байгаа. Яагаад гэвэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл цэвэр мэргэжлийн ажлаа хийж байна. Тийшээ улстөрчид яах гэж орж, нарийн мэргэжлийн дүгнэлт дээр ямар дүгнэлтээ гаргуулах гээд байгаа юм бэ. Тэр сонин байна.-Тавантойлгойн гэрээ ямар шатандаа яваа вэ?
-Хоёр дахь шатны уулзалтууд үндсэндээ дууслаа. Урьд өмнө уулзалт, яриа хэлэлцээр хийж байсан олон компанийн төлөөлөлтэй уулзлаа. Тэд дотооддоо зохион байгуулалтад орсон байна. Зарим компани нийлж консорциум байгуул¬жээ. Хамтарч оролцохоо зарим нь мэдэгдсэн байна. Дэлхийд нэртэй компаниуд ч байна. Одоохондоо нэрийг нь дурдаад яахав. Бид одоо саналуудыг нэгтгээд саналаа гаргана. Наана нь Засгийн газар дээр ямар гэрээг яаж байгуулах вэ гэдгээ ярилцана.-Энэ гэрээг УИХ-ын хаврын чуулганд оруулна гэж Ерөнхий сайд хэлсэн. Амжих болов уу?
-Цаг хугацааны хувьд хаврын чуулганд амжуулж оруул гэдэг үүргийг бидэнд Ерөнхий сайд өгсөн. Цаг шахуу байна. Амжуулахыг бодно. Эрчимтэй ажиллах шаардлагатай. Бэлтгэл ажил их байна. Төмөр замын асуудал байна.Д.ОЮУНЦЭЦЭГ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.