ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ҮРГЭЭХ БИШ АРГАМЖЪЯ
Vip Expert сэтгүүлийн шинэ дугаарт "Анта партнерс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Энхжингийн ярилцлага нийтлэгдлээ. Уул уурхайн хөрөнгө оруулагчдад хууль зүйн зөвлөх үйлчилгээг цогцоор нь үзүүлж, улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулж буй тус байгууллагын талаар болон хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны талаар ярилцсан байна.
Монголын уул уурхайн салбар хөгжиж, хөрөнгө оруулагчид сонирхож байгаа ч, зориглоод орж ирсэн нэгэн итгэл алдарч, энэ салбарт хөрөнгө оруулах хүсэл, сонирхол нь буурч байгааг нуух шаардлагагүй.
Өмгөөллийн “АНТА ПАРТНЕРС” ХХК нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД хууль зүйн зөвлөх үйлчилгээг цогцоор нь үзүүлж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж, үйлчлүүлэгчдийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тууштай хамгаалах мэргэжлийн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн хамт олон.
Дээрх төслүүдийн хоёр нь Канад улсын Торонтогийн хөрөнгийн бирж болон Монгол Улсын хөрөнгийн бирж дээр IPO гарган, хувьцаагаа нийтэд зарлан амжилттай ажиллаж байна. Энэ мэт сайн жишээ бидэнд байгаа ч эсрэгээрээ уул уурхайн салбарын гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын тоо буурч байгаад эмзэглэж явдаг юм.
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхлэгч компаниудад сүүлийн 10 орчим жилийн хугацаанд хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй ӨМГӨӨЛӨГЧИЙН хувьд тус салбарын хөрөнгө оруулагчдыг “үргээж” буй тодорхой асуудлыг шийдэх хэрэгтэй гэж хардаг.
Хэдийгээр уул уурхайн салбарт чиглэсэн хөгжлийн бодлого, хөтөлбөрүүд хэрэгждэг ч ашигт малтмалын салбар дахь хууль эрх зүйн зохицуулалт, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдох нарийвчилсан журмууд нь хоорондоо зөрчилддөг, төрийн захиргааны байгууллага нь гадаадын хөрөнгө оруулагчдад халтай байдлаар ажил үүргээ гүйцэтгэдэг, засаг захиргааны нэгж дэх төрийн удирдлагууд нь төрийнхөө бодлогоос зөрсөн шийдвэр гаргадаг зэрэг нь хөрөнгө оруулалтын тогтвортой, итгэлтэй орчныг бүрдүүлж чадахгүй байна.
Гадны хөрөнгө оруулалттай компаниуд хууль тогтоомжийн дагуу төрийн эрх бүхий байгууллагаас зохих ёсоор зөвшөөрөл авч, их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, төсөл хэрэгжиж буй аймаг, сумын төсвийн ихэнх хэсгийг бүрдүүлэхүйц орлого төвлөрүүлж хариуцлагатай ажилладаг. Гэтэл хөрөнгө оруулагчдыг ард иргэдийн нэрийг барьж дарамталдаг, үйл ажиллагааг нь хүчээр зогсоодог, цахим сүлжээгээр илт худал мэдээлэл тарааж, нэр хүндэд нь халдаж, ашиг хонжоо хайдаг хэсэг бүлэг хүмүүсийн үйлдэл жирийн үзэгдэл боллоо.
Мөн манай улсад 4-5 жилийн хугацаанд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хайгуулын ажил явуулсан нэр бүхийн нэгэн компани захирал нь эрүүл мэндийн шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулж чадалгүй цөөн хоног хэтрүүлсэн. Үүнийхээ хариуцлагыг хүлээж, хуулийн дагуу алдангиа төлчхөөд байхад, тусгай зөвшөөрлийг нь цуцлаж, Ашигт малтмалын тухай хуульд ийм харилцааг зохицуулсан зохицуулалт байхгүй гэж тайлбарлаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироож, цаашлаад улс орны хөгжлийг хязгаарласан жишээ цөөнгүй бий.
Цаашид хууль эрхзүйн орчны тогтвортой байдлыг хангаж, гадаадын шууд хөрөнгө оруулалтад нөлөөлж болохуйц бодлогын сөрөг нөлөөллүүдийг засаж, гадаадын хөрөнгө оруулагчидтай үүссэн маргаануудыг эергээр шийдвэрлэж, олон улсад эерэг хандлага бий болгон, хөрөнгө оруулагчдыг дэмжих, хамтран ажиллах. хамгаалах бодлогын өөрчлөлтүүдийг үргэлжлүүлэн хийснээр гадаад, дотоодын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх юм.