Төмөрлөг, машин үйлдвэрлэлийг дотоодын нөөц бололцоонд тулгуурлан хөгжүүлнэ
Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны удирдах зөвлөл хурал өнөөдөр Төрийн ордонд хуралдлаа.
Машин үйлдвэрлэл нь бүх салбарын хөдөлмөрийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, батлан хамгаалах зориулалт бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хамаардаг билээ. Автомашин, хөдөө аж ахуйн машины үйлдвэр, химийн машин үйлдвэрлэл, уул уурхайн тоног төхөөрөмжийн болон эрчим хүчний тоног төхөөрөмжийн машин үйлдвэрлэл, металлургийн тоног төхөөрөмжийн, мөн ахуйн хэрэглээний машин тоног төхөөрөмжийн, суурь машины үйлдвэрлэл гэсэн чиглэлүүдээр машин үйлдвэрлэл манай улсад хөгжиж иржээ. Машин үйлдвэрлэлийн хөгжлийн түвшинг эх орныг батлан хамгаалах чадвар болон аж үйлдвэрийн бусад салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чанар, бүтээмжээр тодорхойлдог ч гэж ярьдаг.
Монголын металлургичдын холбоо байгуулагдсан 1997 онд анх байгуулагдсан байна. Засгийн газраас өнгөрөгч оныг үйлдвэржилтийн жил болгон зарласантай холбогдуулан Монголын металлургичдын холбоо үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөх, салбарын хөгжлийн бодлого боловсруулах, төр засгийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор машин үйлдвэрлэлийн салбартай нэгдэх шийдвэр гаргасан аж.
УИХ-ын дэд дарга Г.Батхүү “Монгол Улсад уул уурхай, барилга, эрчим хүч, хөдөө аж ахуйн болон бусад салбар эрчимтэй хөгжиж байна. Тэдгээрт хэрэглэгдэж буй техник, тоног төхөөрөмжийг шинээр хийх, сэргээн засварлах, гадаадаас импортоор авч буй сэлбэг хэрэгслийн хэрэгцээг хангах зорилгод хувь нэмрээ оруулах нь тус холбооны зорилго байх ёстой” гэж байлаа.
Тэрбээр “Металлурги, машин үйлдвэрлэл, металл боловсруулах салбарын үйл ажиллагааг салгаж ойлгох нь учир дутагдалтай тул нэгдсэн бодлого зохицуулалтаар үйл ажиллагааг хангах нь зүйтэй хэмээн үзэж “Монголын металлурги-машин үйлдвэрлэлийн нэгдсэн холбоо”-г зохион байгуулсан” гэж онцлон тэмдэглэж байлаа.
Төрөөс төмөрлөгийн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлнэ
Төрөөс үйлдвэрлэл үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого боловсруулахад мэргэжлийн холбоодын идэвхитэй оролцоог хангах механизм бий болгоно гэсний дагуу “Монголын металлурги-Машин үйлдвэрлэлийн нэгдсэн холбоо”-ноос зохих чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хурлын үеэр илэрхийлж байлаа.
Тухайлбал, салбарын хөгжлийн үндсэн чиглэл, гарцыг тодорхойлж хэрэгжүүлэх металлурги, машин үйлдвэрлэлийн үндэсний мастер төлөвлөгөөг боловсруулан ажиллах, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, техник технологийн шинэчлэл, хөгжлийн талаарх бодлогын бичиг баримтын дагуу орчин үеийн техникийг нэвтрүүлэх, эзэмших, нутагшуулах, салбарын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанарыг олон улсын түвшинд хүргэх, стандартчлалын нэгдсэн бодлого хэрэгжүүлэх зэргийг хуралдаанд оролцогчид харилцан ярилцаж, санал бодлоо солилцож байлаа.
Жижиг дунд үйлдвэрүүд хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэй
Монголд өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэл гэж хэлж болохоор металлтай холбоотой үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа байгууллагууд олон байдаг. Эдгээр жижиг дунд үйлдвэрлэлийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн чиглэлд хандуулах, үйлдвэрлэлийн чадварыг сайжруулах, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, түүнчлэн мэргэжлийн түвшинд сургалт явуулах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг явуулах нь чухал байгааг дурдаж байлаа. Тухайлбал өнгөрөгч жил намрын тариа хураалтын явцад гарсан тарианы налсан иш өргөгчийг дотоодын металл боловсруулах засварын чиглэлээр ажиллаж буй ямарч аж ахуйн нэгж хийх боломжтой байжээ. Манайдаа налсан иш өргөгчийг үйлдвэрлэсэн бол нэлээд хэмжээгээр валют хэмнэх боломжтой байсан аж.