Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төслийг өргөн барилаа
2010.03.31

Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төслийг өргөн барилаа

Засгийн газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төсөл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төслийг Нийгмийн хамгаалал,people_commo хөдөлмөрийн сайд Т.Ганди өчигдөр УИХ-ын даргад өргөн барилаа. Даяарчлалын үйл явцад дэлхийн улс орнуудын хөдөлмөрийн дотоод зах зээл олон улсын хөдөлмөрийн зах зээлийг бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтэд олон улсын хэм хэмжээг мөрдөх шаардлагатай болсон хэмээн Т.Ганди сайд хэллээ.

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль нь Монгол Улсын иргэний гадаадад, гадаадын иргэний Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэх харилцааг зохицуулж байгаа тул хуулийн нэрийг Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хууль хэмээн өөрчилжээ. УИХ-аас 2001 онд уг хуулийг батлан хэрэгжүүлж эхэлснээс хойш зуучлалаар нийт 30.000 орчим иргэн БНСУ, Япон улс, БНЧУ, БНУУ-д хөдөлмөр эрхэлж, үйлдвэрлэлийн дадлага хийсэн байна. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаадын зээл тусламжаар хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажил өргөжсөнтэй холбогдон гадаадаас ажиллах хүч авах явдал нэмэгджээ. 2001 онд 5626 гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож байсан бол 2009 онд 31041 болж өссөн байна. Дээрх хуулийн төсөлд Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлүүлэхэд хүлээн авагч улсад тавигдах шаардлагыг тодорхойлж, хөдөлмөрлөх ая тухай нөхцөл бүхий хүлээн авагч орнуудад илгээх, ажиллах хүчний гэрээнд тусгах үндсэн нөхцөлүүд, зуучлах тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам, зуучлагч, зуучлуулагч иргэний эрх, үүргийг нарийвчлан зохицуулжээ.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төслийг боловсруулах болсон үндэслэлийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди, “Барааны тэмдэг, газар зүйн заалтын харилцаа, хэм хэмжээ нь дэлхий дахинд богино хугацаанд өөрчлөгдөн улам боловсронгуй болж байгаагийн хирээр тэдгээрийн эрх зүйн зохицуулалтыг аль болох богино хугацаанд өөрчлөн шинэчлэх шаардлагатай байдаг. Энэ үүднээс Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн орнууд барааны тэмдгийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс, нэг мэдүүлгээр дэлхийн олон оронд нэг удаагийн төлбөрөөр нэг хэлээр эрхийн хамгаалалт хийлгэх үйл ажиллагааг улам бүр хялбаршуулах арга замыг эрэлхийлж Барааны тэмдгийн хуулийн гэрээг батлан мөрдөж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан энэхүү хуулийн төслийг боловсрууллаа” хэмээлээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.