2023.09.25
Гурван улсыг холбосон автотээврийн хоёр дахь коридор нээгдлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ оны 06 дугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр миний бие Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг 12 жилийн дараа шинэчлэн Хятадын Тээврийн сайдтай гарын үсэг зурсан.
Үүний үр дүнд Монгол Улс болон БНХАУ-д бүртгэлтэй тээврийн хэрэгслээр хоёр улсын нутгаар дамжин өнгөрөх, Хятадын нутгаар дамжин гуравдагч улс руу авто тээвэрлэлт хийх боломж бүрдсэн.
Тэгвэл Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто замаар гурван улсын тээвэр явж эхэллээ.
Энэхүү тээврийн коридор нь Ховд, Баян-Өлгий аймгаар дайран БНХАУ-ын Шинжань бүс нутаг, ОХУ-ын Сибирийн бүстэй холбогдох Азийн авто замын АН-4, CAREC-ийн коридор 4“а” чиглэлийн нэг хэсэг юм.
Өөрөөр хэлбэл Монгол Улсыг Европын холбооны улсуудтай, БНХАУ-ын тээвэр логистикийн зангилаа төв болох Өрөмч хоттой холбох хамгийн дөт зам юм.
Ингэснээр;
- Хятад, Европын хооронд хийгдэж байгаа худалдааны эргэлтээс манай улс ахиу ашиг хүртэх
- Дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлж дундад азийн орнуудад монголын бараа бүтээгдэхүүнийг хүргэх шинэ гарцтай болох
- Транзит тээврийн авто зам ашигласны тарифыг нэмэгдүүлж замаа цаг алдалгүй арчилж тордох, монгол тээвэрчдээ ажил орлоготой болгох
- Ирэх жилүүдэд Хятад Орос Ази Европыг холбосон авто замын нийт 5 коридортой болох зэрэг олон боломж нээгдэж байна.