ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар БНХАУ-ын Хууль зүйн сайд Хө Рунтай уулзав
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчдийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд энэ сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн сайд Хө Рунтай уулзалт хийж талууд хоёр улсын хууль зүйн салбарын болон яамд хоорондын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.
Тухайлбал талууд яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг болон хамтран ажиллах тухай хөтөлбөрийн хүрээнд амжилттай хамтран ажиллаж буй талаар дурдаад эрүүгийн болон иргэний хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай, ялтан болон гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээний дагуу идэвхтэй хамтран ажиллаж буйг онцлон тэмдэглэв.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн сайд Хө Руны зүгээс цаашид дээр дурдсан чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахын зэрэгцээ хууль зүйн сургалт, сурталчилгаа, тэр дундаа хууль зүйн судалгааны чиглэлээр түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын зүгээс Хө Рун сайдын саналыг хүлээн авч, дээрх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд өнгөрсөн хугацаанд эрүүгийн болон иргэний хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээний дагуу Монголын талаас Хятадын талд хүргүүлсэн эрх зүйн туслалцааны хүсэлтүүдийг анхааралдаа авч, ойрын хугацаанд Монголын талд хариу ирүүлэхийг хүсэв.
Мөн талууд хоёр улсад хорих ял эдэлж буй монгол, хятад иргэдийн нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл солилцохын зэрэгцээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын зүгээс ялтан шилжүүлэх тухай гэрээний дагуу манай улсын нэр бүхий иргэдийг үлдсэн ялыг нь эх оронд нь үргэжлүүлэн эдлүүлэхээр шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн тус улсад хорих ял эдэлж буй Монгол Улсын бусад иргэдийг эх оронд нь шилжүүлэн өгөх асуудлыг мөн адил анхааралдаа авч, түргэн шуурхай шийдвэрлэж өгөхийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн сайд Хө Рунээс хүссэн болно.