Тусгаар тогтнолоо хөх тэнгэр, сансрын уудамд дархлах хэрэгцээ шаардлага бидэнд маш их байна
2023.10.04

Тусгаар тогтнолоо хөх тэнгэр, сансрын уудамд дархлах хэрэгцээ шаардлага бидэнд маш их байна

Сансар судлалын хамгийн том арга хэмжээ World Space Week буюу “Дэлхийн сансрын 7 хоног” өнөөдөр эхэллээ. Монгол Улс энэ жилийн “Дэлхийн сансрын долоо хоног-оо сайн мэдээтэй угтлаа. Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа баатар, хүүхэд залуучуудад анхлан сайн мэдээ дуулгаснаа бэлгэшээж байна.

Учир нь Монгол Улс үндэсний бие даасан, 100 хувь тоон технологийн хиймэл дагуултай болох талаар Франц улстай яриа хэлцэл эхлүүлсэн. Өөрийн үндэсний хиймэл дагуулаа сансрын уудамд хөөргөх нь харилцаа холбооны салбарын үе үеийнхний хүсэл мөрөөдөл байсаар ирсэн юм. Харилцаа холбооны салбарт бие даасан байдлаа бататгаж, тусгаар тогтнолоо хөх тэнгэр, сансрын уудамд дархлах хэрэгцээ шаардлага бидэнд маш их байна. Бусдаас эрчим хүч, түлш шатахуун, хоол хүнс гуйсаар, валютаар худалдаж авсаар байх нь тусгаар тогтнол, аюулгүй байдлын хувьд эмзэг, эдийн засгийн үр ашиггүй.

Өнөөдөр Монгол улс гадаадын арилжааны, ашгийн төлөөх хиймэл дагуул түрээсэлж, жил бүр 11 сая доллар төлдөг. “Халаасны өрөө” хөлсөлж мөнгө төлдөг биш өөрийн гэсэн орон гэртэй болохыг өрх бүр хүсдэг шиг Монгол гэдэг айл үндэсний хиймэл дагуултай болох боломж бий. Өргөн уудам газар нутагтай ч тусламж хүссэн иргэнээ олохгүй төөрдөг улс орон байж болохгүй. Уул бүрийн оройд антен зоож, өвөлжөө бүхэнд кабель хүргээд, бүгдийг засварлан арчлах боломжгүй тул үндэсний хиймэл дагуултай болохоор ажиллаж байна.

Эх орныхоо хаанаас ч Е-Mongolia-гийн төрийн 1000 гаруй үйлчилгээг гэрээсээ, алган дээрээсээ авдаг, цахим эрүүл мэнд, өсч нэмэгдсээр байгаа гамшиг ослын үеийн тусламж хүрдэг, малчин өрх, хүүхдүүд нь малын бэлчээр, эсгий гэрээсээ интернэтээр эрдэм мэдлэг олж авах боломжийг нээх гарц нь үндэсний хиймэл дагуул юм. Сансарт гаргасан монгол хүний мөр үргэлжилж, Монгол Улс сансрын үндэсний хиймэл дагуултай болох цаг ойртлоо.