2011 он гэхэд хүүхдэд сар бүр олгох мөнгө 20 мянган төгрөг болсон байх ёстой. Иргэдэд хувь хишиг олгогдсон байх ёстой
2010.04.05

2011 он гэхэд хүүхдэд сар бүр олгох мөнгө 20 мянган төгрөг болсон байх ёстой. Иргэдэд хувь хишиг олгогдсон байх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржын УИХ-ын хаврын чуулганы нээлтэд хэлсэн үг

elbegee_uix_inderЭрхэм хүндэт ард иргэд ээ,
Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, эрхэм гишүүд ээ,
Хүндэт зочид, хатагтай ноёдоо,

УИХ-ын чуулганы ээлжит нээлт бүр манай орны улс төр, нийгмийн амьдралд тодорхой хүлээлтийг бий болгодог. Энэ удаагийн чуулганы нээлт түүний үргэлжлэлээс олон асуудлын шийдлийг хүмүүс хүлээж байгаа нь ойлгомжтой.

Монголын ард түмэн өнгөрөгч хоёр арванд улс нийгмийнхээ түүхэн шилжилтийг гардан хэрэгжүүлж, тун амаргүй хүнд хэцүү замыг туулсан. Энэ хооронд амжилт ололт, алдаа завхралын аль аль нь байсан. Алдаа гарлаа гээд бид түүнийгээ нуусангүй, амжилт оллоо гээд бүгд тайвширсангүй.

Монголчууд бид шилжилт хийх хамгийн хүнд замыг сонгосон. Тэр нь өөрчлөлт шинэчлэл улс төрд ч, эдийн засагт ч, нийгэмд ч, хувь хүмүүсийн амьдралд ч, оюун санаанд ч нэг цаг хугацаанд эхэлсэн явдал юм. Бүгд л ийм сонголтын хатуу хүтүүг амссан. Түүхэн энэ өөрчлөлтөд бидний хэн нь ч бэлэн байгаагүй. Туршлага ч байсангүй. Учир нь энэ замаар өмнө нь хэн ч яваагүй байсан юм.

Өнгөрсөн хугацаанд амар зам сонгоод хүндрэл нь одоо эхэлж байгаа орнууд ч байна. Бас хэцүүг сонгоод үр дүнгээ үзэхэд ойртсон улс орнууд ч байна. Зовсны эцэст жаргана гэсэн үг байдаг. Энэ үг бол хүнд хэцүүг давж туулж байж амжилт ололт нь төлөвшдөг, харин амар хялбарыг сонговол хүнд хэцүү нь тосож байдгийн энгийн жишээ юм. Харин өнөө цагт хүнд хүчир шилжилтийнхээ үр дүнг монголчууд чулуу болгож чадах эсэх нь шийдэгдэх цөлх ухаан шаардсан сонголт та бид бүгдийн өмнө хөндөлсөж байна.

Асуудал шийдэгдэх газраа зөв шийдэгдээд байвал сайн үр шим нь нийтийн хүртээл болдог, харин шийдэгдэхгүй бол муу дээрээ улам мууддаг. Ойрын өдрүүдэд “хувьсгал” гэсэн үг олонтоо сонсогдох болжээ. Нийгмийн хувьсгал ч гэх шиг. Монголчууд нийгэмдээ хийх хувьсгалаа хийсэн. Хувь хүний үндсэн эрх, эрх чөлөөнд нийтлэг жишгээр хүндэтгэлтэй ханддаг болсон. Харин хийх ёстой ажил их байна. Байгууллага бүрт, хүн бүрийн ухамсар, хандлагад хувьсгал бүрэн нэвтрээгүй нь төвөгтэй байдал бий болгож байна. Хийгдэх ёстой шинэтгэл хийгдэх ёстой газраа удааширснаас нийгмийн хувьсгалын тухай яриа өдөөгддөг. Үндсэн хуульд өөрчлөлт хийх санал ч дэвшигдэж байна. Хэрэв Үндсэн хуульд зарим өөрчлөлт хийх шаардлага гарвал яаж зохицуулах талаар УИХ-ын гишүүд, эрдэмтэн мэргэдээс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байгаа.

Тэргүүн ээлжинд өнөөгийн эрх баригчдаас ард түмний хүсэж байгаа зүйл бол хариуцлага. Хуулийн тэгш хэрэгжилт. Шударга ёсны зарчим юм. Энэ зарчим өргөн ойлголт боловч яг түүнийг хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагуудынхаа хүрээнд удаж байна. Энд л хувьсгал, бодит өөрчлөлт нэвтрэхгүй жинхэнэ олигархижсан, гэмт үйлдлээ нуун дарагдуулах далд эрх ашиг он удаан жил сүлжилдсээр байна.

Ийм байдал ард иргэдийг ч бухимдуулж байна. Төрийн нэр хүндийг ч унагаж байна. Хариуцлагагүй шударга бус байдал газар авахад шууд нөлөөлж байна. Иймээс хариуцлагыг хариуцлага тооцдог газар нь эзэнд нь үүрүүлж, бас цаг тухайд нь тооцож байх ёстой. Хэрэв тэгэж чадахгүй бол хамгийн дээд байгууллагаас өөрөөс нь хариуцлага шаарддаг.

Төрийн тэргүүий хувьд зарим албан тушаалтнаас хариуцлага шаардаад удаж байна. Тухайлбал Ерөнхий прокурорт хуулийн дагуу хүсэлтээ гаргаж албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагыг тавьчихсан байгаа. Монголын ард түмэн өнгөрөгч сонгуулиар нийгэмд шударга бус байдал газар авлаа, өөрчлөлт хий, өөрчлөе гэсэн сонголт хийсэн. Улсын Ерөнхийлөгч, Их Хурал, Засгийн газар хэн ч бай энэ сонголтыг элдэв тайлбаргүй хэрэгжүүлэх ёстой.

Миний хөндөж тавих зарчмын бас нэг санал бол иргэдэд, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэхтэй холбоотой юм. Энэ тухай олон тайлбар хэрэггүй. Тодорхой шийдэл хэрэгтэй. Хүний үндсэн эрх орон нутагт хэрэгжиж байх учиртай. Улсын үндсэн баялаг орон нутагт бий болж бас хүмүүс түүний үр дүнг хүртэж байх ёстой.

Манай орон нутгийн удирдлагуудад боловсон хүчний эрх мэдэл алга. Албан тушаалтанг тухайн нэгждээ томилох, хариуцлага тооцох ямар ч мэдэл тэдэнд байхгүй. Дээр нь мөнгө төсвийн мэдэлгүй. Бас тэндээ баялаг бүтээх хэмнэлт гаргах сонирхолгүй. Харин зардлаа өсгөвөл мөнгө нэмж авна. Ийм маягаар улс ч хөгжихгүй. Ард түмэн ч хожихгүй. Иймээс орон нутгийн удирдлагад, шат шатандаа албан тушаалтнаа томилдог, халдаг сольдог, хариуцлага тооцох эрх олгох ёстой. Мөн төсөв мөнгөө мэддэг, тодорхой татвар хураамжаар дамжуулж баялаг хуримтлалыг бий болгодог бас зарцуулдаг эрхийг өгөх ёстой. Энэ бол орон нутагт дарга нарт эрх мэдэл олгож байгаа асуудал биш ард иргэддээ эдлэх эрхийг нь хүргэж өгөх алхам юм. Ингэж иргэд хариуцлагыг шууд удирдлагаасаа шаардах боломжтой болно.

Эдгээр эрхийг орон нутагт шилжүүлэхэд ихдэх тухай ойлголт байхгүй. Харин тэдгээрийг иж бүрэн шилжүүлж байж Монгол Улс улс шиг харагдана. Төрийн ажил үйлчилгээ иргэндээ хүрнэ. Хариуцлага ч шат бүртээ тодорхой болно, дээшилнэ. Хэрвээ энэ ажлыг хийхгүй бол УИХ-аас ямаа бүрийн зовлонг асуудаг ардын нэхэл тасрахгүй.

Дээрхитэй уялдуулан өөр нэг хөндөх сэдэв бол төрийн алба. Төрийн албаны хуулийг орчин цагийн шаардлагад нийцүүлж, Төрийн албаны зөвлөлийг татан буулгах хэрэгтэй. Төрд алба хаах сонирхолтой Монгол Улсын иргэдэд төр хаалгаа нээж, өргөн боломж олгох ёстой. Тавих шалгуурыг нь ч шинэчлэх ёстой. Төрийн албаны шалгалтыг бие даасан, олон нийтийн, хувийн байгууллага ч авсан болно. Шалгалтын оноо, үр дүн нь нээлттэй байхад л хангалттай. Шалгуур хангасан чадварлаг иргэдээсээ сонгож төрийн албанд ажиллуулах шийдвэрийг тухайн шатны төрийн байгууллага, албан тушаалтан гаргадаг байхад л болно. Ийм өөрчлөлтийг төрийн албаны бүх шатанд хийцгээе. Ийм иргэншсэн жишгийг дагаж мөрдөх цаг болсон.

Төрийн албаны асуудлыг иж бүрэн шийдэхийн тулд манай нөхцөлд улс төрийн намуудын тухай ярих хэрэгтэй болж байгаа юм. Монгол Улс шиг цөөхөн хүн амтай оронд өрх гэрээ хүртэл хуваасан хагарал одоо хэт илүүдэж байна. Намуудыг гишүүнчлэлгүй болгох цаг болсон. Улс төрийн нам нь зөвхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн дэмжигчдийн бүртгэлтэй, өөрийн баримталдаг үнэт зүйлтэй, хэрэгжүүлэх хөтөлбөртэй, санхүү, зорилгодоо таарсан цомхон бүтэцтэй байхад л болно. Ийм хууль гаргаж хэрэгжүүлэх нь нийт иргэдийн ч, намуудын ч, гишүүд дэмжигчдийнх нь ч эрх ашигт нийцнэ гэж үзэж байна.

Намын асуудал хөндөгдөхөөр сонгуулийн асуудал бас яригдана. Ялангуяа УИХ-ыг сонгох сонгуулийн хуулийн яриа одоо ид халуун дээрээ байна. Манай хууль тогтооогчдод өнгөрсөн сонгуулиудын сургамж, нөхцөл байдлыг сайн тооцож сонгуулийн чамбай хууль батлах бүх боломж бий. Парламентыг сонгох сонгуулийн үндсэн хэлбэрүүдийн эерэг сөрөг талыг нөхсөн шийдэл ч бэлээхэн байгаа. Намуудаас нэрсийн жагсаалт гаргах, иргэдийн санал өгөх, түүнийг үнэлэх хэлбэрүүдийг зөв хослуулах нь чухал. Сонгогчдын бүртгэл, сонгуулийн явц, дүн маргаан будлиангүй, элдэв хардалт гомдолгүй шийдэгдэх технологи шийдлүүд байна. Харин ам нээвэл уушиг нээ гэдэг. Улс орноо газар нутгаар нь, иргэдээр нь хэт жижиглэж хуваасан, хийрхэл өнгө мөнгө будлианы хүчин зүйлд түлхүү үйлчилдэг 76 тойрогтой хувилбарыг Ерөнхийлөгчийн хувьд би дэмжихгүй.
Нэгэнт сонгуулийн хуулийн сэдвийг хөндсөн болохоор сонгуулийн амлалтын талаар байр сууриа илэрхийлье. Энэ хавар би цөөнгүй аймаг суманд ажиллаж олон иргэдтэй уулзлаа. 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр АН, МАХН-ын амалсан “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг” 1 -1,5 сая төгрөгийн асуудал багагүй хөндөгдсөн. Өөр олон сэдэв ч яригдсан.

Төрийн сонгуульд оролцохдоо амласан амлалтаа биелүүлэхийн төлөө сонгогдсон хүмүүс сонгогдсон хугацаандаа чармайж ажилладаг, чадахгүй бол ард түмэн ээлжит сонгуулиар тэдэнд дүнгээ тавьдаг, тийм ардчилсан тогтолцоог Монгол Улс сонгоод хэрэгжүүлээд явж байгаа. Энэ бол Монголын ард түмний зовж бүтээсэн нийтлэг ололт. Монгол Улсын бүс нутагтаа ялгарах онцлог, бас давуу тал. Монголчуудын түүхэн энэ сонголт цаашид хэлбэрэлтгүй хэрэгжих ёстой.

Засгийн газар, түүнийг бүрэлдүүлж байгаа намууд сонгуулийнхаа амлалтыг хэрэгжүүлэхийн тулд тодорхой санал, санаачлага гаргаж байгаа. Эхнээсээ ч хэрэгжиж байна. Харин хүмүүс илүү тодорхой зүйлийг нэхэж байна. Амлалтаа хэзээ, хэрхэн хэрэгжүүлэхийг мэдэхийг хүсэж байна.

Хамтарсан Засгийн газрын бүтээмж өндөртэй, талцал хуваагдал багатай ажиллах хугацаа тийм ч их үлдсэнгүй. 2010 оны үлдсэн сарууд, цаана нь 2011 он гээд сонгуулийн бус нэг л жил үлдэж байна. Хэрэв хийж чадвал энэ хооронд УИХ, Засгийн газар олон сайн шийдлийн ард гарах боломжтой. Иймээс асуудалд өөдрөг, эвлүүлж бүтээх талаас нь хандъя.

Олныг нуршилгүй шууд хэлэхэд иргэдийн “хэзээ” гэсэн асуултад өнөөдрийг оролцуулаад 2011 он гэж амлалтыг хэрэгжүүлэх хугацаагаа тогтоё. Харин “хэрхэн” гэдэгт асуудлынхаа шийдлийг бодит боломжтойгоо уялдуулж бас гарч болох эрсдэлийг тооцох хэрэгтэй. Юуны өмнө сүүлийн 20 жилд хэрэгжсэн халамжийн бодлогоос нийгмийн баялгийн шударга, оновчтой хувиарлалт болох “Хүүхдийн мөнгө”-ний олголтыг сэргээе.

Хувь хишгийн амлалт бол Монгол Улсын иргэн бүрт зориулагдсан зүйл. 0-16 нас хүртэлхи хүүхэддээ хүүхдийнхээ мөнгийг олгоё. 16-аас дээш нийт насанд хүрэгчдэдээ хувь хишгээ олго. 2011 он гэхэд хүүхдэд сар бүр олгох мөнгө 20 мянган төгрөг болсон байх ёстой. Иргэдэд хувь хишиг олгогдсон байх ёстой.

Хувь хишгийг олгохдоо иргэндээ ч, улсдаа ч, ирээдүйд ч ашигтай байх хувилбарыг сонгож хэрэгжүүлэх нь зүйтэй. Ажлын хэсэг ч гарсан. Засгийн газраас санал болгож байгаа иргэн нэг бүрийнхээ эрүүл мэнд, боловсрол, даатгал, орон сууцанд гарах зардлыг санхүүжүүлж, Эрдэнийн хувийг хүний хөгжил сангаараа дамжуулж шийдэх нь өнөөгийн яригдаж байгаа олон хувилбараас арай оновчтой нь байж болох юм.

Ард иргэд ээ. Амлалт тойрсон энэ яриа бол манай улсад шийдлээ нэхсэн бүх асуудал биш. Нэг л асуудал. Улс орны аюулгүй, тогтвортой, бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн шийдвэрлэх шаардлагатай олон асуудал бий. Аливаа том жижиг зүйлийн шийдлийг тойрсон нөхцөл байдал урьдахаас их өөр болсон. Тав, арав, хорин жилийн өмнөхтэй зүйрлэхийн ч аргагүй. Бүр тодруулж хэлбэл, жилийн өмнөхөөс ч нөхцөл байдал өөр болсон. Гэнэн романтизм хаа сайгүй үеэ өнгөрөөсөн. Нийгэмд өрнөж байгаа үзэгдэл бүрийн ард тодорхой зорилго, сонирхол, эрх ашиг уягддаг болсон. Энд оролцогч, сонирхогч бүр маш прагматик тактик стратегитай болсон нь нууц биш.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд аюулгүй байдлын болон хууль шударга ёсыг хэрэгжүүлэх, бэхжүүлэхтэй холбогдсон томоохон асуудлыг авч үзэхэд бэлэн болж байгаа. УИХ-ын хуралдаанд ч тодорхой дэг жаягийн дагуу мэдээлж шийдвэрлүүлэхээр төлөвлөж байгаа зүйлүүд бий.

Нөгөө талаар шийдвэрлэж байгаа асуудалдаа нээлттэй, шуурхай, тодорхой байр суурьтай, шинээр үүсч байгаа нөхцөл байдлыг бодитой үнэлж хандах дээр гүйцэтгэх засаглалын байгууллагууд учир дутагдалтай ажиллаж байна. Мөн шийдэгдсэн асуудлаар байр сууриа ил тод тайлбарлах, нийгэмд өөдрөг бүтээлч уур амьсгал бүрдүүлэхэд төрийн зохих байгууллагуудын уян хатан үйл ажиллагаа, зоримог байдал, зохион байгуулалт үгүйлэгдэж байна.

Ойрын үед гарч болох хүндрэлүүдийг ч мартаж болохгүй. Шар усны үер, энэ хоёр он дамжсан их зудын үр дагавар гээд олон асуудал бий. Хөдөөд хандсан шинэ бодлого ус агаар мэт дутагдаж байна. Мөн Нийслэл хотын агаарын бохирдол, утааны асуудлыг дулааны улирал эхлэнгүүт мартаж болохгүй. Энэ бол ужиг үр дагавар бүхий үндэсний эмгэнэл гэдгийг хэлье.

Удахгүй төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэж эхэлнэ. Түрүүчийн миний сануулсан амлалтын болон мөн ирээдүйн бүтээн байгуулалт тойрсон шийдлүүд энэ хавар тодорхой болох ёстой. Тэтгэвэр цалингийн нэмэгдлийг ч ярих ёстой. Мөн төрөх эмнэлэг, ажлын байр, сургалт боловсрол гээд олон асуудал бий. Бас газар хөдлөлт, бусад аюулаас сэргийлэхтэй холбогдсон санхүүжүүлэлтүүдийг хойшлуулалгүй шийдэх хэрэгтэй.

Эрхэм гишүүд ээ. Би нэг зүйлд итгэдэг. Алдсан хүн алдаагаа засах ёстой гэдэгт. Алдааг засаж болдог гэдэгт би итгэдэг. Буруугаа ойлгосон хүмүүс л бурууг засаж чаддаг. Түүнээс биш буруу байна гэж шүүмжлээд эрх мэдэл рүү талимаарагч бүхэн бурууг засаж чаддаггүй. Харин ч шинэ завхралыг бий болгож илүү уршиг тарих нь бий.

Өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан асуудал, бугшсан бурууг засахад өнөөдрийн шийдвэр гаргагчид л онцгой үүрэгтэй. Ялангуяа Их Хурлын энэ бүрэлдэхүүнд заавал шийдэх олон асуудал бий. Би заримыг нь нэрлэсэн. Наад зах нь яаж ч тайлбарлаад буруу болоод байгаа зүйлүүдээ ирэх өдрүүдэд засаарай. Тэр 76 тэрбумын асуудал. Одоо эрхэм гишүүд түүндээ өөрсдөө дасчихсан “Би өөрийн тэрбумаа… ингэж зарцуулж” гэж нэгд нэгэнгүй ярьдаг болчихсон байгаа. Шинээр гарах төсвийн хуулинд энэ алдаагаа давтахгүй, хориглосон заалт оруулаарай. Бас хууль санаачилвал гишүүний авдаг мөнгө гэж юу яриад байна вэ?

Энэ мөнгө хөөцөлдсөн, мөнгөтэй орооцолдсон хийрхэлдээ цэг тавихгүй бол, эрхэм гишүүд ээ, та нарын үйлдэл чинь Монголын ардчилсан төрийн нэр хүнд, Монголын ард түмний сонголтод сайнаар нөлөөлөхгүй байна шүү. Ер нь “Намайг хэн хэлэхэв” гэсэн өнөөгийн байдал нь хариуцлагагүй, популист, хонзогногч хэсэгт өгөөш болоод зогсохгүй түмэн олныг төрдөө итгэж хүндлэх биш, төрөөсөө ичиж бухимдах байдал руу хөтөлж байна. Та бүхэн бусдад байтугай байгуулсан засагтаа үг хэлж, баталсан төсөв, мөнгөний бодлого, хөтөлбөр зорилтдоо хяналт тавьж, хариуцлага асууж чадахаа больж байна. Ингэж хууль ёсны бас ёс суртахууны эрхээ хууль тогтоогчид алдаж болохгүй. Жаахан эх захтай, мэдрэмжтэй, хэлж сануулж байгааг сонсож, үндсэн үүрэг хариуцлагаа байнга ухамсарлаж ажиллахыг УИХ-ын Эрхэм гишүүд Та бүхнээс хүсье.
Мөн иргэддээ хандаж хэлэх зүйл байна. Бас энэ нийгэмд эрүүл гэгээлэг уур амьсгал, өөдрөг итгэл, сэтгэл бүрдүүлэхэд онцгой үүрэгтэй хэвлэл мэдээллийнхэнд хандаж хэлэх үг байна. Манай нийгэмд болохгүй байгаагаас болж байгаа зүйл нь олон бий. Ерөөс эрх чөлөөт нийгмийн мөн чанар тийм юм. Эрх чөлөөт бүтээлч, ухамсарт хүмүүс байгаа суугаа газар бүхэндээ, цаг мөч бүртэй уралдан шинэ шинэ зүйлийг бүтээж байдаг юм. Эдгээр нь ямар нэг удирдагчийн, нам үзэл суртлын чиглэл оролцоо, заавал шаардлагагүйгээр бий болж байдаг. Тэр гэгээлэг бүхнийг бүтээгч, хувь нэмрээ оруулагч, бас түүнийг мэдэрч, олж харж түгээгч байх үүрэг бол тухайн иргэн, оюун санааны хөтөч бүрт ноогддог.

Эрх чөлөөт нийгэм бол эерэг эрч хүч, өөдрөг итгэл үнэмшил, хамтын бүтээлч үйл ажиллагаагүйгээр урагшлахгүй. Хэн юмыг харлуулна, хэн экстремист уриа лоозон хэлнэ, хэн улаа зөгнөж бусдын эрх чөлөөнд халдана тэр мундаг харагддаг үе бол хоцрогдсон. Энэ бол Монголын ирээдүй эс бол альтернатив сонголт байж чадахгүй. Би өнгөрсөн зууны өмнөх байтугай, ноднин жилийн өмнө асуудалд хандах хандлага хуучирсаныг түрүүн сануулсан.

Өнгөрөгч богино хугацаанд бид авах ёстой сургамжаа бүгд авсан. Гарч болох хамгийн хүсэшгүй алдаа ч гарсан. Хүний нийгэмд ямар ч үед мөрдөх шаардлагатай үнэт зүйл, нийтлэг ололт, хууль журам байдаг. Эдгээр нь мөрдөгдөх ёстой. Бас алдаж эндэгсдэд энэрэл өршөөл байдаг. Гэхдээ энэ ч хэмжээ хязгаартай. Иргэдийнхээ хэлж ярьж, сануулж шүүмжилж байгааг төр сонсоно. Хэлэлцэж ярилцаж асуудлыг шийдэхийн төлөө санаачлагатай чармайн ажиллана. Нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулах, хууль дүрэм зөрчих олон хүний ч, нэг хүний ч хууль бус үйлдлийг таслан зогсоох үүргээ төр хуулийн дагуу бас гүйцэтгэнэ.
Монголчууд бидний сонгосон зам амар хялбар биш. Нэг үе Монголыг дэлхий мэдэх нь байтугай, Монгол Монголоо мэддэггүй байсан. Одоо Монголыг олны олон нүд итгэл тавьж харж байна. Амжилт ололтыг нь үлгэр жишиг болгож ярьж байна. Магадгүй тив орон, газар нутаг, хүний тоогоор найман зууны өмнө байснаас ч илүү олон тоогоор, олон эрх ашгаар Монгол Улс бусдын хараанд өртөхүйцээр гарч ирлээ. Монгол орны хөгжил дэвшил, Монгол Улсын иргэдийн амьдрал ахуй ямар байх нь нэн тэргүүнд монголчууд биднээс хамаарна.

Монгол Улс баялагаа эзэмшиж, Монгол хүмүүс нэгнээ дэмжиж, нэрээ хичээж, монголчууд ажиллаж хөдөлмөрлөж байж л хөгжинө. Бас гаргасан алдаагаа засаж, дахиж давтахгүй бол урагшилна. Бидэнд итгэл далласан гэрэлт ирээдүй байна. Монголын маргааш өнөөдрөөс өөр, илүү байх нь гарцаагүй. Шинэ үнэлэмжтэй, ихийг мэдсэн, холыг харсан, ухаалаг хэрсүү Монголын шинэ үе бойжиж байгаа. Тэдэнд бид эрх чөлөөтэй, хөгжиж дэвшсэн Эх орон хүлээлгэж өгөх үүрэгтэй.

Анхаарал тавьсанд баярлалаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.