Д.Дэмбэрэл: Хамтарсан Засгийн газрын хийх ажил хоёр дахин их, хүлээх хариуцлага хоёр дахин их байх ёстой
2010.04.05

Д.Дэмбэрэл: Хамтарсан Засгийн газрын хийх ажил хоёр дахин их, хүлээх хариуцлага хоёр дахин их байх ёстой

-Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ыдарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үг-
demberel_huralМонгол Улсын Ерөнхийлөгч өө,
Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,
Хатагтай, ноёдоо

Улсын Их Хурлын намрын чуулган өндөрлөөд 2 сар өнгөрлөө. Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн энэ хугацаанд сонгогчидтойгоо уулзаж, санал бодлыг нь сонсож, улс орныхоо өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, хийх ажлаа сайтар эргэцүүлж цэгнэсэн байх гэж бодож байна.

Нийгмийн өнөөгийн амьдралд ололттой зүйл, бас анхаарууштай асуудлууд ч цөөнгүй байгааг та бүхэн анзаарсан байхаа.

Монгол улсын үндэсний орлого сүүлийн таван жилд 3 дахин нэмэгдэв. Энэ хэмжээгээр төрийн төсөв, үйлдвэрлэлийн цар хэмжээ өргөжин тэллээ. Мал аж ахуйн салбар хүнд хэцүү байгаа ч энэ онд нийт эдийн засаг төлөвлөсөн хэмжээнд буюу 8 хувиас давж өсөх боломжтой юм. Бидний найдлага тавьж буй эрдэс баялагийн үнэ ханш жилийн өмнөхийг бодвол өсөх хандлагатай байна. Стратегийн ач холбогдол бүхий шинэ орд газруудыг эзэмших, эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил Засгийн газрын түвшинд үндсэндээ хангагдаж байгааг ард иргэдэд мэдээлсэн. Эдийн засгийн цар хүрээ өсч мөнгөний урсгал, хөрөнгийн хэмжээ нэмэгдэхээр ирээдүй маань төсөөлөгдөж байна.

Баялаг хуримтлагдаж, төсөв санхүүгийн нөөц нэмэгдэхийн хэрээр түүнийг шударгаар хуваарилах зорилт, шаардлага тавигдах боллоо. Үүнийг ард түмний нийтлэг эрх ашигт бүрэн нийцсэн хэлбэрээр зохион байгуулах учиртай. Иргэдийн зүгээс үүнд оролцох, хяналт тавих эрмэлзэл ч өслөө. Зөвхөн бид ч биш гадаад орнууд Монголын уул уурхайн баялаг нөөцийг тооцоолон манай орны эдийн засгийн хөгжлийн ирээдүйг эерэгээр төсөөлж байгаа нь тодорхой байна. Ийм үнэлэмж Монголын нэр хүндийг гадаад ертөнцөд өргөх төдийгүй бидэнд илүү санаачлагатай ажиллах таатай боломж олгож байгаа хэрэг юм. Нөхцөл байдал ийнхүү ивээж байхад бидний өөрсдийн мэдрэмж, санаачлага, ажил хэрэгч байдал дутагдаж байгаа нь үнээн.

Бид улс орны өнөөгийн тулгамдсан асуудлаар хаврын чуулган эхлэхийн өмнө тодорхой санал солилцсон. Энэ байдлаас Та бид юуны өмнө дараахь асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.

Нэг. Санхүү, эдийн засгийн хямралыг давах талаар Улсын Их Хурал, Засгийн газар багагүй арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Ингэхдээ иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, тодорхой хэлбэл, цалин, тэтгэвэрийн талаар авах арга хэмжээг хязгаарлан хойшлуулсан тал бий. Үүнийг ард түмэн, үүний дотор төрийн албан хаагчид, ахмадууд зөвөөр ойлгож хүлээцтэй хандаж ирсэн. Гэхдээ Улсын Их Хурал асуудлыг анхаарлын гадна орхилгүй иргэдийн орлогыг нэмэгдүүлэх талаар зохих тооцоо хийж 2010 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд оруулахыг Засгийн газарт даалгасан тогтоол гаргасан билээ. Энэ тогтоолын дагуу ахмадын тэтгэвэрийг нэмэгдүүлэхийг эхний ээлжинд шийдвэрлэх шаардлагатай. Төсвийн зардлын үр ашгийг дээшлүүлэх замаар төрийн албан хаагчдын цалинг ч нэмэгдүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Цөөн хүн амтай Монгол орны хувьд хүн ам, гэр бүл хүүхдийг дэмжихэд төрийн бодлого идэвхтэй чиглэгдэх ёстой. Ингэж ч явж ирсэн. Та биднийг сонгогчидтойгоо уулзаж ярилцах үед ийм бодлогыг олон түмэн үргэлжлүүлэхийг хүсч байгаа нь харагдсан. Тиймээс гэр бүл хүүхдийг дэмжихэд нэмэгдэл хөрөнгө гаргах нь зүйд нийцнэ гэж үзэж байна. Ялангуяа амжиргааны түвшин доогуур, орлого багатай айл, олон хүүхэдтэй өрх, малчдад илүүтэй анхаарч туслах хэрэгтэй байна. Гэр бүл хүүхдийг дэмжсэн бодлогыг Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд та бүхэн дэмжинэ гэдэгт итгэж байна.

Монголчууд бидний сайн сайхан амьдрал хүн бүр ажилтай, орлоготой, эрүүл, амар тайван байх нөхцлийг бий болгосноор хангагдана. Улсын төсвөөс багагүй хэмжээний мөнгийг хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулж байна. 2010 оны хөрөнгө оруулалт, арга хэмжээнд 500 гаруй тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Үүнээс гадна жижиг дунд үйлдвэрт 30.1 тэрбум, ажил хөдөлмөрийг дэмжихэд 20.6 тэрбум, “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 9.5 тэрбум, нийтдээ 60 тэрбум төгрөгийг зарцуулах юм. Түүнчлэн томоохон стратегийн ордуудад үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд Оюу толгойн төсөл гэхэд 2010 онд нэг их наяд төгрөгт хүрэх тооцоо гарч байна. Эдгээр хөрөнгийн зонхилох хэсгийг үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихэд ашиглаж чадвал ядуурлын үндэс болсон ажлын байрны хангамжид томоохон эргэлт гарах боломжтой. Хөрөнгө оруулалт, ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа үндэсний үйлдвэрлэгчдээ дэмждэггүй тухай шүүмжлэлийг бид засах ёстой. Монголбанкны бодлогын хүү, Засгийн газрын бонд, иргэдийн хадгаламжийн хүүгийн бодлого иргэдээс үйлдвэрлэлд хөрөнгө оруулах сонирхлыг төрүүлдэггүй түвшинд байгааг эргэн харж, бодит эдийн засаг, экспортыг дэмжих бодлогын арга хэмжээг авах нь зүйтэй.

Улсын Их Хурлаар 2010 оны төсвийг хэлэлцэх явцад илрүүлсэн нэмэгдэл эх үүсвэрийг Улсын Их Хурлын гишүүд зохисгүй хуваариллаа гэсэн шүүмжлэлд бид дүгнэлт хийж эрх зүйн орчинд нийцүүлэн засах ёстой. Ер нь Улсын Их Хурал болон Засгийн газар, түүний байгууллагуудын үр ашиг багатай, үрэлгэн зардлыг бүхэлд нь хянаж үзэх шаардлагатай байна. Төсвийн тодотголоор энэ бүхнийг нухацтай авч үзэж нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тулгамдсан хэрэгцээнд зохих хөрөнгийг шилжүүлэх бодолтой байна. Гэхдээ орон нутагт зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтыг хасах нь нэг талын туйлшрал болно гэдгийг ч бид зөв ойлгох нь чухал аа.

Хоёр. Сүүлийн жилүүдэд малчид малаа өсгөж, тариаланчид арвин ургац хурааж эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсан. Ялангуяа малчид, тариаланчид ард иргэдийг мах, хүнсний бүтээгдэхүүнээр хангаж ирсэн нь хямрал хүндрэлийг гэтлэхэд онцгой хувь нэмэр болсон. Гэвч мал аж ахуйд бидний урьдчилан тооцоогүй бэрхшээл тулгарах боллоо. Энэ салбарын доройтол эргээд эдийн засагт томоохон сөрөг нөлөө үзүүлэх учраас төрөөс нэмэлт арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна. Олон малчин малгүй боллоо. Эдүгээ 73 мянган малчин банкны зээлтэй, зээлээ төлөхөд бэрхшээлтэй малчин цөөнгүй байна. Зээлээ төлөх нь мэдээж, харин хүүг хөнгөлөх, хугацааг сунгах талаар би холбогдох банкны удирдлагуудтай тодорхой ярилцсан. Банкны зүгээс ч энэ талаар малчдад туслах боломжтой юм. Үйлдвэрлэлээ өргөтгөх, зудад алдсан хохирлыг нимгэлэх, малчдыг эхний ээлжид ажилтай, орлогын эх үүсвэртэй болгох талаар төрийн дэмжлэг хэрэгтэй болох нь бас харагдаж байна.

Малчид нь эрүүл, мал нь даатгалтай байх баталгааг төрөөс олгох нь чухал. Мал аж ахуйг байгалийн эрсдлээс хамгаалах, малчид тогтвортой, баталгаатай ажиллах, амьдрах нөхцлөөр хангагдах учиртай. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлийг төдийлөн анхаарахгүй явж ирснээс мал аж ахуйн түүхий эд үнэгүйдэж, малчдын орлого хомсдох боллоо. Хаврын чуулганаар “Монгол мал” хөтөлбөрийг батлах болно. Энэ хүрээнд та бид олон асуудлыг ярилцан шийдвэрлэх боломжтой юм.

Гурав. Сонгогчид биднээс амласнаа биелүүлэхийг шаардаж байна. Энэ бол зүй ёсных. Бид амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Хүний хөгжил сангийн хуульд заасан зориулалтаар энэхүү амлалтын мөнгийг олгохоор Засгийн газраас гаргасан тооцоог Улсын Их Хурлын гишүүд бид дэмжих боломжтой гэж үзсэн. Ашигт малтмалын орд газруудын ашиглалт, хөрөнгө оруулалтыг хэр хурдтай зохион байгуулахаас энэ асуудал бүхэлдээ шалтгаална. Оюу толгойг хамгийн үр ашигтайгаар зохион байгуулах нь Монгол Улсын Засгийн газрын хариуцлагатай үүрэг гэж бид үздэг ээ.

Таван толгойн ордын нүүрс, манай орны төмрийн хүдэр, ураны нөөц, газрын тосны ашиглалт, эдгээрээс орох орлогыг төр бүрэн авахгүй байна гэсэн шаардлагад бид дүгнэлт хийх ёстой.

Статистикийн мэдээгээр өнгөрсөн жил 7.1 сая тонн нүүрс, 1.6 сая тонн төмрийн хүдэр, энэ оны эхний хоёр сард 1.1 сая тонн нүүрс, 300 мянган тонн төмрийн хүдэр улсын хилээр гарчээ. Эдгээр түүхий эдийн гадаад худалдааны үнэ өсч байгааг мэдэрч, тэр нь гадаад худалдааны гэрээнд тусгаж байна уу, татвар орлогоо бүрэн авч байна уу гэдгийг нарийвчлан тооцож хянан тогтоох хэрэгтэй байна.

Зэсийн баяжмал ямар хэмжээгээр гарч буй, манай улс ямархуу нөөцтэйг та бид сайн мэднэ. Зэс хайлуулах үйлдвэр байгуулах талаар Улсын Их Хурлаас тодорхой шийдвэр гаргаж өгөхөөр төлөвлөж байна. Энэ төрлийн үйлдвэрлэл ихээхэн ирээдүйтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Уул уурхайг тойрсон дэд бүтэц, түүний дотор төмөр замын хөгжлийн стратегийг ч Улсын Их Хурал хаврын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх болно.

Дөрөв. Өдгөө шударга ёсны үнэлэмж нь авилга, хээл хахууль, өнгө мөнгө, сонирхлын зөрчилд бүдгэрэн үнэгүйдэж сэтгэл зовоох болсныг төрийн бүх шатны байгууллага, улс төрийн нам хүчнүүд аль аль талдаа анхаарах хэрэгтэй болсон байна. Ямар хууль, яагаад хэрэгждэггүй билээ гэсэн асуултад хуулийг хэрэгжүүлэхдээ хууль хяналтын байгууллагууд шударга биш хандаж байна, мөн хүнд суртал байгаа нь үүний үндэс биш үү гэж иргэд сөргүүлэн асуудал тавьж байна. Мөн төрийн байгууллагын тогтолцоо чинь илүү зардалтай, хөдөлмөрчдийг чирэгдүүлдэг шүү дээ гэдэг. Энэ бүхнийг Улсын Их Хурлын гишүүд бид сонгогчдоосоо байнга сонсдог оо.

Орон нутгийн эрх мэдлийг дээрээ хэт төвлөрүүлснээр засаглалын дээд түвшинд хүндрэл учрах боллоо. Ихэнх аймгууд татаастай, сум, дүүрэгт төсөв хөрөнгө санхүүгийн эрх мэдэлгүй гэдгээр хариуцлагаас зайлсхийх, аймаг, нийслэл, тэр ч битгий хэл Засгийн газрыг давуулан Улсын Их Хурлаас хамгийн жижиг асуудлыг ч шаардахад хүрч байна. Орон нутагт байгалийн баялагийн орлогоос үлдээдэггүй, Иргэдийн хурлуудад өөрсдөө мэдэж хуваарилах хөрөнгө хомс, татвар хураах асуудлыг зөвхөн дээрээс зохион байгуулдаг зэрэг нь цөм дээд газрынх гэж заах болсныг эргэн авч үзье. Төсвийн хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуулийн заалтууд болон төсвийн тогтворжилтын хуулийг хэлэлцэхэд эдгээр асуудлын нилээд нь шийдвэрлэгдэх боломжтой юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт хийхээр бэлдэж байна. Сонгуулийн ямар системийг сонгохын зэрэгцээ хариуцлагын тогтолцоо нь ямар байхыг илүү чухалд үзэж байна. Мөнгө цацсан алив сонгуулийн үр дүн иргэдийн итгэлийг бууруулах, төрийн болон намуудын нэр хүндэд нэн халтай нь ойлгомжтой юм. Мөнгө ба авилгыг хааж чадах хариуцлагын зөв тогтолцоо бүхий сонгуулийн чамбай хуультай болохыг бид зорих болно.

Тав. Ардчиллын үнэт зүйлсийг монголчууд бид дэвшүүлэн тавьж, хэрэгжүүлсээр байна. Нийгмийн хөгжлийн хүрсэн түвшингээ ч зөв үнэлэх хэрэгтэй. Эдийн засгийн өсөлт нь манай орны хөгжлийн олон асуудлыг шийдэх боломжийг олгохоор байна. Эдгээр нэгэнт хүрсэн үр дүнг үл ойшоон, өнөөгийн зурвасхан бэрхшээлд бамбайлан тогтолцооны өөрчлөлтөд шахамдах нь нийгэмд тогтворгүй байдал үүсгэх сөрөг үр дагавартай байх талтай. “Алдыг аваад дэлэмийг нь” гэдэг ардын үгийг санаж энэ талаар нухацтай ярилцах ёстой. Хуримтлагдан буй нийгмийн баялгийг хуваарилахын төлөөх өрсөлдөөн, төрийн тогтолцооны тухай асуудал нь Үндсэн хууль, хуулийн хүрээнд л шийдэгдэнэ. Ардчилал, зах зээлийн сонгосон зам дээр тууштай зогсож, дутагдал, гажуудлыг засах, бэрхшээлийг даван туулах асуудал мөн л эрх зүйн хүрээнд зохицуулагдана.

Үндсэн хуулийн алив өөрчлөлтийг цэгцтэй, бүх ард түмнийхээ санаа бодолд тулгуурлан авч үзвэл зохино. Монголчууд төр, түүний тогтолцоонд ямагт буурь суурьтай хандаж, төрөө засаж ирсэн уламжлалтай. Юуны өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг гаргах болно.

Улсын Их Хурлаас Засгийн газарт хариуцлага тооцох чадвар мөхөсдсөн гэгдэх ч, хамтарсан Засгийн газрын хүчийг бид хараахан гүйцэт амсаагүй, их зүйлийг хүлээж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэлийн биелэлтийг Засгийн газраас Улсын Их Хуралд хугацаанд нь оруулаагүй, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох Үндсэн чиглэлд Засгийн газраас өргөн барихаар тусгасан 64 асуудлын 37-г өргөн мэдүүлээгүй, Улсын Их Хурлын 6 тогтоолын 12 заалт биелэгдээгүй, өнөөдрийн бидний яриад байгаа Таван толгой, Төмөр замын хөгжлийн стратеги, 2010 оны Улсын төсвийн тодотгол зэрэг хаврын чуулганаар нэн тэргүүнд хэлэлцэх бодлогын асуудлуудыг одоо болтол Улсын Их Хуралд Засгийн газар оруулж ирээгүй байна. Бид ямар их хугацаа алдаж байгааг харж байна уу. Хоёр намын хамтарч байгуулсан Засгийн газар юм бол ажил нь хоёр дахин их, хариуцлага нь хоёр дахин өндөр байх ёстой. Засгийн газар мэргэжлийн түвшинд шуурхай ажиллах цаг болсон гэж үзэж байна.

Ямарч тохиолдолд Улсын Их Хурлын гишүүд бид гүйцэтгэх засаглалын ажлыг шүүрч, эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулах нь Засгийн газрыг хариуцлагаас хөндийрүүлэхэд хүргэнэ.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүдээ,

Улсын Их хурлын энэ хаврын чуулган ачаалал ихтэй байх нь. Дээр хэлснээр бодлогын чанартай олон асуудал биднийг угтаж байна. Энэ хаврын чуулганд 28 багц асуудал оруулахаар төлөвлөсөн. Бас өмнө нь өргөн баригдсан зарим хуулийн төслүүд болон бусад асуудал нэмэгдэж, нийтдээ 100 шахам хууль, шийдвэрийн төсөл хэлэлцэхээр байна.

Улсын Их Хурал гаргасан шийдвэрийнхээ гүйцэтгэлийг тооцох хэрэгтэй. Байнгын хороодод хэрэгжилт хангалтгүй байгаа хууль, тогтоолын жагсаалтыг гаргаж өгсөн. Ажлын хэсэг, байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдийн идэвхитэй ажиллагааны үр дүнд тавьсан зорилтыг ханган биелүүлэх боломжтой гэж үзэж байна.

Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.