Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийг шат шатны уялдаа холбоо, эв нэгдлийн хүчээр хөгжүүлнэ
2023.10.13

Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийг шат шатны уялдаа холбоо, эв нэгдлийн хүчээр хөгжүүлнэ

Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалантай ярилцлаа.

-Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны даргын хувьд тантай ярилцаж байна. Нийслэлийн хамгийн том дүүрэгт засаглаж байгаа нам бодлогоо хэрхэн тодорхойлон ажиллаж байна вэ. Намын хорооны зүгээс үйл ажиллагаагаа ямар байдлаар явуулж байгаа талаар ярилцлагаа эхлүүлье?

-Миний бие 2007 оноос Баянзүрх дүүргийн МАН-ын хороотой ажил амьдарлаа холбоод 2013 оноос дүүргийн намын хорооны дэд дарга, 2016 оны нэгдүгээр сараас эхлэн БЗД-ийн Намын хорооны 10 дахь даргаар хамт олныхоо итгэлийг хүлээн сонгогдон ажиллаад долоон жил гаруй болсон байна. Миний хувьд Баянзүрх дүүрэгт төрж өсөөд, ажиллаж амьдраад явж байгаа. Дүүргийн ИТХ, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Улмаар 2020 оны сонгуулиар УИХ-д сонгогдон, иргэдээ төлөөлөн ажиллаж байна. Анхан шатнаас нь эхэлж ажиллаж байгаа учраас иргэдийн амьдрал, нийслэлийн иргэдийн өмнө тулгамдаж буй асуудал, Баянзүрх дүүрэгт шаардлагатай бүтээн байгуулалтын ажил юу вэ гэдгийг маш сайн мэднэ. Манай дүүрэг 430 мянга гаруй оршин суугч, 110 мянга гаруй өрхтэй Нийслэлийн хамгийн том дүүргийн хувьд хүн амын нягтрал, төвлөрөл, суурьшил одоо ч гэсэн бусад дүүргүүдийг бодвол харьцангуй хурдацтай явагдаж байгаа. Үүнийгээ дагаад асуудлууд нь ундарч байдаг.

Иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж ажиллахын тулд дүүргээс сонгогдсон гишүүд, төлөөлөгч, удирдлага баг хамт олон нэг зүгт харж, хамтарч ажиллаж байгаа. Харин Намын хорооны хувьд 43 хорооны намын хороо, 130 намын үүр, 12 мянган гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ томоохон намын бүтцийг үр ашигтай удирдах, намын гишүүдийн санал хүсэлтийг хурдан шуурхай шийддэг байх, намын шат шатны байгууллагын тогтоол шийдвэрийг хурдан хүргэдэг байх үүднээс 2020 оноос бүсийн системд шилжүүлэн ажиллаж байна. Баруун, зүүн, хойд, урд болон төвийн бүсүүдэд намын хороодыг хуваан бүс тус бүр дээр хариуцсан менежерүүдийг томилон намын даргын өгсөн үүрэг чиглэл, намын тэргүүлэгчид болон намын хорооноос гарсан бодлого чиглэлийн дагуу хариуцсан бүсийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлж ажилладаг болсон нь тун үр дүнтэй ажил боллоо гэж харж байна.

-Намын хороог тэргүүлэн ажиллахдаа ямар зарчмыг гол болгодог вэ. Мэдээж бүх шатанд багаар, олон хүнтэй ажилладаг учраас харилцан ойлголцол чухал байдаг болов уу?

-Манай багийн хувьд төрийн дээд, дунд, доод шат гэлтгүй бид иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллах ганц л том зорилготой. Ажиллаж байгаа үедээ аль болох түүхийг бүтээж, амжилт дагуулах хэрэгтэй. Харин хийж дууссан үедээ ирээдүй хойч үедээ залгамж халаагаа хүлээлгэж, зөв замаар явах ёстой гэж боддог. Дэвшүүлсэн бодлого, баримталсан зарчмын үр дүнд бид 2020 оны шат шатны сонгуульд ялалт байгуулж чадсан гэж боддог. -Танай дүүргийн намын хороо энэ жил улсын хэмжээнд “Шилдэг үр бүтээлтэй намын хороо”-гоор шалгарсан. Олон нийтийн үйл ажиллагаа явуулж байгаа намын хороог ингэж өндөр бүтээмжтэй удирдан авч явахад таныхаар хамгийн чухал нь юу вэ?

-“Шилдэг үр бүтээлтэй” намын хороо гэдэг шагнал бол бидний хийж бүтээснийг үнэлсэн зүйл гэж ойлгон, талархан хүлээж авсан. Энэ амжилтад хүрэхийн тулд намын гишүүдээ идэвхжүүлж байнгын ажиллагаатай байх шаардлагатай байдаг. Миний хувьд намын даргын ажлыг 2016 онд авснаас хойш ханын самбар буюу уралдаан зарлаад явдаг болсон. Тэр уралдаанд таван гол шалгуур үзүүлэлтүүдээр шалгаруулаад, сар, улирал, жилээр нь байр эзлүүлээд урамшуулах үйл ажиллагаанууд явдаг. Өрсөлдөөн бий болохын хэрээр хорооны намын хороо, үүрүүдийн үр бүтээл нэмэгдээд ирдэг. Мөн өдөр тутмын үйл ажиллагаа, сар тутмын хурал, төвлөрсөн арга хэмжээнүүд, баяр ёслолын үйл ажиллагаануудыг ямар нэгэн байдлаар орхихгүй байхыг зорьж ажилласнаар намын гишүүдийн идэвх оролцоо бас нэмэгдсэн. Ер нь 2022 оноос хойш бидний бас барьж байгаа нэг бодлого бол ерөөсөө намын гишүүдийн тоог тодорхой хэмжээнд нэмэх ёстой гэсэн ийм уриалга гаргасан. Намын анхан шатныхаа байгууллага хорооны намын хорооныхон энэ чиглэлийнхээ үүрэг даалгаврыг өгсөн. 2022 онд 11 мянган намын гишүүдтэй байсан бол энэ оны эцэс гэхэд 16 мянган намын гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулахаар зорьж байна. Сонгуулийн өмнөх жил, ялангуяа намын гишүүдийн идэвх оролцоо, намын гишүүд дэмжигчдийг шинээр нэмэх нь сонгуульд ялалт байгуулах, энэ том дүүрэг дээр ялалт байгуулах гол үндэслэл гэж харж байгаа юм.

Мөн манай намын хороо анхдагч болохоор нэг ажлыг 2020 онд их зоригтой эхлүүлээд дуусгаж чадсан. Энэ бол намын байр. Хуучин байрны хувьд бохир нь задраад, дулааных нь хүчин чадал дийлэхгүй нөхцөл байдалтай байсан. Мэргэжлийн хяналтын газраас ч дүгнэлт гаргаад акталчихсан Тиймээс тэргүүлэгчид хуралдан шийдвэр гаргаж, намын удирдлагуудад танилцуулж, бидний эхлүүлж буй ажлыг дэмжиж улмаар 2020 онд шинэ байрныхаа барилгын ажлыг эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр 16 давхар байр баригдаад байна. Дээрээ орон сууцтай, доороо хоёр давхар намын байртай. Хурлын заал, оффис байхаар тохижуулсан. Хуучин байраа хоёр дахин томруулсан. Энэ нь зөвхөн үл хөдлөхийн асуудал биш. Энд намын гишүүд, намын удирдлагууд, анхан шатны байгууллагын удирдлагууд, төлөөлөгч, тэргүүлэгч нар болон намын хороодын гишүүд ирж бүхий л төрлийн үйл ажиллагааг явуулах боломжтой. Удахгүй бид төв намдаа хүлээлгэж өгнө.

-Улс төрийн сонгуульд нэг намд бүтэн итгэл хүлээлгэхийн давуу талыг иргэд, олон нийт хэрхэн харж, ойлгох ёстой юм бэ?

-Шат шатандаа нэг нам засагласнаар нэг зорилго, нэгдмэл хүчээр ажиллаж чаддаг гэдгийг бид харуулж байгаа. Баянзүрх дүүрэг өмнө нь дүүрэгт нэг нам, нийслэлд өөр нэг нам, УИХ-ын гишүүн нь бие даагч гэх байдлаар шат шатандаа өөр өөр харьяалалд итгэл хүлээлгэж байсны хор уршиг юу вэ гэдгийг бид хэлэхээс илүү иргэд хамгийн ихээр мэддэг, мэдэрдэг учраас 2020 оны сонгуульд дуу нэгтэйгээр МАН-д итгэл хүлээлгэсэн. Тиймээс бидэнд талархлаа илэрхийлж, сонголтдоо итгэл дүүрэн байгаагаа хэлдэг.

-Дүүргийнхээ иргэдийн амьдрах орчныг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тухайд өнгөрсөн хугацаанд хийсэн бодлогын томоохон ажлуудаас дурдвал?

-Баянзүрх дүүрэг бол Нийслэлийн хэмжээнд хамгийн олон хүн амтай, том дүүрэг. Орон сууц, гэр хороолол, зуслангийн бүс гээд бүх л орчин манай дүүрэгт бий. Хотын төвийн орон сууцны хороололд амьдардаг иргэдийн хувьд хамгийн тулгамддаг асуудал нь амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх зай талбай байхгүй байдал. Тиймээс дүүргийн хэмжээнд гарааш буулгаж газар чөлөөлөх ажил 2021 оноос эхлэн хийгдсэн. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд 2021-2023 онд нийтдээ 86 байршилд 1822 гарааш чөлөөлөхөөс 1635-ыг нь чөлөөлж, газрын зөрчлийг арилгасан байна. 1635 гараашийг чөлөөлснөөр 39240 м.кв талбайг нийтийн эзэмшилд шилжүүлсэн бөгөөд тухайн байршлуудад иргэдийн санал хүсэлтийг үндэслэн тохижилтын ажил хийж байна. Эдгээр тохижилтын ажил нь дүүргийн хэмжээнд цогцоороо иргэд, хүүхдүүдэд ээлтэй, сургууль, цэцэрлэгээ тараад гэрэлтэй гудамжаар харих орчныг бүрдүүлж буйгаараа онцлогтой.

Мөн миний хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаасаа эхлэн “Дэмжье” санаачилгыг эхлүүлж нас насныханд, салбар бүрд чиглэсэн олон ажлыг хийсэн. Үүний нэг нь хороо бүрд 3х3 сагсан бөмбөгийн талбайг барьж байгуулах. Одоогийн байдлаар 33 хороонд энэ ажил хийгдэж байгаагаас хамгийн сүүлд XIX хороонд 16 дахь 3х3 сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орсон. Газрын хэмжээ боломжоосоо хамаарч 3х3 сагсан бөмбөгийн талбайн хажууд тоглоомын талбай, сүүдрэвч, дасгал хийх зориулалтын төхөөрөмжүүд, ногоон байгууламж зэргийг цогцоор нь хийж байна. Үүнийг иргэд их дэмжиж байна. Тухайлбал, Шар хад буюу IX хороонд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах талбай байхгүй байсан. Тэгсэн чинь иргэд нь “Манай хороонд ийм сайхан ажил хийх гэж байгаа бол бид хашаагаа татаад талбай гаргаад өгье” гээд дундын бүс гаргаад тохижилт хийлгэж байх жишээний.

Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлын нэг нь замын түгжрэл. Үүнийг бууруулахаар олон ажил хийж байгаа бөгөөд үүний нэг нь Нийслэл хотын гадуур тойрсон тойрог зам. Баянзүрх дүүрэгт шинээр хийж буй автозамын ажлуудыг энэхүү замын транстай уялдуулан Гачуурт-Улиастай-Шархад-Монель-Дарь-Эх чиглэлд авто зам барих ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Улиастайн гол дээгүүр 97.3 метр урт төмөр бетон гүүр барьж буй бөгөөд энэ онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгааг гүйцэтгэгч тал хэлсэн. Ингэснээр 2020-2024 онд 50 байршилд 47.1км зам Баянзүрх дүүрэгт шинээр ашиглалтад орно. Зам дагаж хөгжил гэх үг бий. Тэр ч үүднээс алслагдсан гэр хорооллуудыг төв замтай холбох, гэр хорооллын төв гудамжуудад авто зам шинээр тавих ажлыг хийснээр тухайн байршлын газрын үнэлгээ өсөж, иргэдэд ч амьдрахад таатай орчин бүрдэж байгаа юм. Бас нэг чухал зүйлийг онцлон хэлмээр байна. Энэ бол 27 жилийн дараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсан явдал. Энэ хуулийг шинэчлэн баталснаар төсвийн реформ, татварын бие даасан эрх зүйн зохицуулалтыг хийх боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл иргэд маань ая тухтай орчинд амьдрах боломжтой болно.

-Дүүргүүдэд нийтлэг байд­лаар тулгамддаг боловсрол, эрүүл мэндийн чанар, хүртээмжийн тухайд өнгөрсөн жилүүдэд ямар өөрчлөлт, дэвшил гарсан бэ?

-Баянзүрх дүүргийн хэмжээнд хамгийн хүнд асуудал бол эмнэлэг. Дүүргийн нэгдсэн эмнэлэг нь хувьчлагдсан учраас эмнэлгийн хүртээмж тааруу, иргэдээс хамгийн их санал, гомдол ирдэг байсан. Тиймээс өнгөрсөн 2021 онд Баянзүрх дүүргийн XXI хороо Дарь-Эхэд 50 ортой шинэ эмнэлэг ашиглалтад орсон. Мөн дүүргийн эмнэлгийг шинээр барихаар төлөвлөөд зураг төсөл хийгдсэн, газрын асуудлыг шийдвэрлэсэн. Үүнээс гадна манай дүүрэг бол хамгийн олон гуравдугаар шатлалын буюу нэгдсэн эмнэлэгтэй дүүрэг. Тэр ч утгаараа дүүргийн иргэдийнхээ эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр эдгээр эмнэлгийн удирдлагуудтай ярилцаад зарим төрлийн үзлэг шинжилгээг заавал дүүргийн эмнэлгээр дамжихгүй хийх боломжтой гэдгийг ярилцаж тохирсон. Баянзүрх дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж хүнд байсан. Тиймээс салбарын сайд, Ерөнхий сайдыг хэд хэдэн удаа урьж дүүрэгтээ ажиллуулж, энэ талаар ярилцаж, тохиролцсоноор 2022 оны хичээлийн жилээс эхлээд түрээсийн байр, хувийн цэцэрлэгүүдтэй төр хамтын ажиллагааны гэрээ хийсний үндсэн дээр бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдаж байгаа.

Мөн сургуулийн хувьд ачаалалтай хэдэн хороо бий. Сургуулийнх нь чанар, ойр орчмын оршин суугчдын нягтаршил зэргээс үүдэн гурван ээлжээр хичээллэж байгаа тохиолдол бий. 2023-2024 оны хичээлийн жилд 16 сургууль гурван ээлжид шилжих эрсдэлд байсан. Үүнийг Боловсролын сайд, Нийслэлийн боловсролын газар гээд шат шатанд нь хэлэлцэж тохиролцоод хоёр сургуулийнх нь өргөтгөлийн барилгын ажлыг шахах, 10 сургуульд түрээсийн байр гаргах, 4 сургууль нь дотоод нөөц бололцоогоороо зохицуулах шийдэлд хүрсэн. Мөн огт сургуульгүй хороо ч бий. Тухайлбал, XIV хороонд сургууль байхгүй ч гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр сургууль барихаар төлөвлөгдөөд газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байгаа. Энэ мэтчилэн сургууль шинээр баригдсанаар ачаалалтай сургуулийн ачааллыг хуваах давуу талтай. Баянзүрх дүүргийн 28 хороог 43 болгон нэмэгдүүлсэн нь ч мөн төрийн анхан шатны үйлчилгээ, эмнэлгийн анхан шатны үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн маш том ажил болсон.

-Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд тулгамдсан ямар асуудал байна вэ. Түүнийг шийдвэрлэхийн тулд цаашид ямар гарц, шийдэл эрэлхийлж байна вэ?

-Баянзүрх дүүргийн хэмжээнд асуудал байна уу гээд хүн бүрээс асуувал бүгд л өөр өөрийн эрх ашигтай холбоотой зүйлийг хэлнэ. Дээр хэлсэнчлэн хамгийн олон хүн амтай дүүрэг учраас асуудал ундарч байдаг. Тиймээс тэр бүрийг шат шатандаа нэгдмэл байвал даван гарахад илүү хурдан гэдгийг 2020 оноос хойш иргэд маань ойлгож харж байгаа байх аа. Дүүрэг, нийслэл, УИХ-даа нэг нам засаглахаар хүнд суртал бага, асуудал шийдэхэд ойлгомжтой, амар хялбар. Баянзүрх дүүргийн хэмжээнд “Хөгжлийн зураглал 2030” бодлогын бичиг баримтыг боловсруулсан. 2030 он хүртэл тулгамдаж буй асуудлуудыг эрдэмтэн, шинжлэх ухаанч, салбар салбарын төлөөллүүдтэй сууж байгаад нэгтгэж гаргаад даван гарах арга замыг нь нэгтгэсэн бодлогын бичиг баримт боловсруулчихсан. Үүнийгээ л бид 2030 он хүртэл хэрэгжүүлж чадвал дүүрэг маань шинэ түвшинд хөгжинө гэдэгт итгэж байна.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24568/