Дарханы иргэд хуулийн төсөлд санал өгөх, парламентын боловсрол авах төвтэй боллоо
2023.08.04

Дарханы иргэд хуулийн төсөлд санал өгөх, парламентын боловсрол авах төвтэй боллоо

Иргэн Б.Батбаяр “Орон сууцны контор баймаар санагддаг”

Дархан-Уул аймгийн наймдугаар багийн иргэн Б.Батбаяр тус хотод үүдээ нээж буй “Хууль тогтоомж сурталчлах төв”-ийн нээлтэд ирсэн эхний иргэдийн нэг. Өдгөө 70 гарч яваа Б.Батбаяр гуай “Манай тойргоос сонгогдсон гишүүд гайгүй шүү. Иргэдтэйгээ уулздаг. Тэтгэвэр нэмэгдсэнд баярлаж л суугаа. 37 жил ажилласан ч хамгийн бага тэтгэвэртэй байсан.

Одоо нэмэгдээд 620 мянган төгрөг болсон л доо. 1971 онд сургууль төгсөөд гурилын үйлдвэрт технологич, диспетчерээр 2007 он хүртэл ажилласан. Багт олон нийтийн байцаагч хийж явсан” хэмээн хуучиллаа. Тэрбээр дарханчууд “Өнгөт” хэмээн нэрлэдэг хорооллын “Өргөө” СӨХ-ийн дарга юм. СӨХ-ны хуулийн өөрчлөлтөд өгөх санал ч түүнд байлаа. “Дарханд Орон сууцны контор баймаар санагддаг. Орон сууцны контор байхгүй учраас өөрсдөө бид Дулаан, Ус сувагт дуудлага өгдөг. Бүх асуудал СӨХ дээр буудаг, хуримтлал байхгүй учраас дээврээ янзалж, шугамаа сайжруулж, засвар хийж чадахгүй байна. Оршин суугчид СӨХ-нд мөнгөө төлж байж хуримтлал үүснэ. Манай СӨХ 290 өрхтэй. Арав нь аж ахуйн нэгж. Оршин суугчдын 20-30 хувь нь л мөнгөө төлдөг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өндөр настай хүмүүс л мөнгөө төлдөг. Сум, аймгаас энэ асуудлыг бидэнтэй хэлэлцээд, ярилцаад явж байгаа” гэлээ.

Дархан-Уул аймгийн дөрөвдүгээр сургуулийн сурагч У.Эгиймаа мөн л эхний зочин. Энэ намар арваннэгдүгээр ангид суралцана. “Өсвөрийн парламент” клубд хамрагддаг тэрбээр “Хууль тогтоомж сурталчлах төв”-ийн парламентын боловсрол түгээх салаа мөчрийн нэг юм.

У.Эгиймаа “Өсвөрийн парламент” бүлгэмд хамрагдсанаар цагаа зөв хуваарилж сурсан. Өөрийгөө зөв илэрхийлж, олон хүүхэдтэй нөхөрлөж, маш олон зүйлсийг сурч авсан. Бид үе тэнгийнхний дарамт, ялгаварлан гадуурхалтын тухай сургууль дээрээ илтгэл тавьсан. Манай “Өсвөрийн парламент” клубын хүүхдүүдийн санаачилгаар сургуулийн эмч нарыг гурав хоногийн сургалтад хамруулж байсан. Одоо хогоо ангилж ялгах талаар хүүхдүүдтэй ярилцах хэрэгтэй болов уу гэж бодож байна” гэж ярилаа.

А.Энхчимэг: Олон эцэг эх хүүхдээ “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамруулахыг хүссэн

А.Энхчимэг Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн юм. Тэрбээр Дархан-Уул аймгийн “Өсвөрийн парламент” клуб 2021 онд анх байгуулагдахад, чиглүүлж ажилласан.

“Та яагаад энэ чиглэлээр ажиллахаар шийдэв” хэмээн лавлахад:

-Би түүх нийгмийн ухааны багш мэргэжилтэй, хүүхдүүдийг хөгжүүлэх, парламентын боловсрол олгох санаачилгыг дэмжих хэрэгтэй гэж бодсон. УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Тамгын газраас санаачилсан “Өсвөрийн парламент” хөтөлбөрт манай аймгаас мандатын тоогоор гурван хүүхэд сонгож авсан юм. Гэтэл олон эцэг эхчүүд хүүхдээ уг хөтөлбөрт хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ хэрэгцээнд үндэслээд, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх “Өсвөрийн парламент” клуб байгуулж байв. Хурлын дарга С.Насанбат сэдэл санаа өгч, дэмжиж ажилласанд баярлаж явдаг.

УИХ-ын “Өсвөрийн парламент”-ын пэйж хуудаснаас мэдээлэл авч, түүндээ суурилан, дэлгэрүүлж, Аймгийн Цагдаагийн газар, Татварын газар, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг агентлагуудтай хамтран, хүүхдүүдэд хэрэгцээтэй мэдээллийг тэднээрээ дамжуулан авч, хүүхдүүд маань сургууль дээрээ мэдээлэл түгээн ажилласан. Өсвөрийн парламент клуб байгуулагдаад маш олон үр дүнтэй ажлууд хийсэн. Үндсэн хуулийн өдөр Монгол Улсад батлагдаж байсан Үндсэн хуулийн түүхэн товчоогоор контент хийж, бусаддаа хүргэж, Үндсэн хуулийн агуулгын хүрээнд танин мэдэхүйн уралдаан тэмцээн явуулж, энэ арга хэмжээ уламжлал болсон.

Анхны уралдаан тэмцээнд аймгийн төвийн хүүхдүүд оролцсон бол 2023 онд Шарын гол, Орхон, Хонгор сумдын хүүхдүүдээ оролцуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгардаг орчны бэрхшээлийг арилгах үүднээс манай хүүхдүүд аж ахуйн нэгж байгууллагуудад хандаж, уриалга гаргасан юм. Үр дүнд нь зургаан аж ахуйн нэгж, дэлгүүр налуу шаттай болсон.Анх манай “Өсвөрийн парламент” клуб 18 хүүхэдтэй байгуулагдаж байсан бол одоо арван сургууль дээр “Өсвөрийн парламент” клуб нээгдэж, нийтдээ 100 гаруй хүүхдүүд хамрагдаж байна гэв.

Л.Өлзийсайхан: Хууль тогтоомжийн төсөлд саналаа өгөхөд нь иргэдэд арга зүйн дэмжлэг үзүүлнэ

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан “Хууль тогтоомж сурталчлах төв”-ийг нээж хэлсэн үгэндээ “Парламентын нээлттэй, ил тод байдлыг хангах зарчим нь дэлхийн олон улсын парламентуудын хувьд шинэчлэлтийн нэг гол чиглэл, өдөр тутмын үйл ажиллагааны салшгүй хэсэгт тооцогдож байна. Улс орны парламентуудад нийтлэг энэхүү зарчмыг Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаандаа тусгаж, нээлттэй ил тод байдлаа сайжруулах зорилгоор, Монгол Улсын Их Хурлын болон УИХ-ын Тамгын газрын стратеги төлөвлөгөөндөө аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төв байгуулж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбож, албан бус боловсролын болон зайны сургалтын хэлбэрээр эрх зүйн мэдээлэл олгох, хууль тогтоомж сурталчлах ажлыг үр нөлөөтэй, зохион байгуулах зорилт дэвшүүлсэн. УИХ-ын Тамгын газар энэхүү бодлого зорилтоо 2022 оноос хэрэгжүүлж, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад, ажиллаж, энэ оны тавдугаар сард анхны Хууль тогтоомж сурталчлах төвийг нээсэн.

Өнөөдөр Дархан-Уул аймагт гурав дахь Хууль тогтоомж сурталчлах төв байгуулагдаж байна. Энэхүү төвүүд маань УИХ болоод ИТХ-ын шийдвэр, хууль тогтоомжийг иргэдэд таниулж, парламентын боловсролыг түгээн дэлгэрүүлэх юм. Энэ төвийг байгуулахдаа бид парламент гаргасан шийдвэр, үйл ажиллагаандаа иргэдийн санаа бодлыг тусгах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль тогтоомж сурталчлах, орон нутгийн төллөөллийн байгууллагатай хамтран зохион байгуулдаг олон улсын туршлагыг бодолцож, сайн жишгийг харгалзан үзсэн гэдгээ онцлов.

Хууль тогтоомж сурталчлах төвөөр дамжуулан иргэддээ парламентын боловсрол олгох, D-Parliament цахим системээр дамжуулан, хууль тогтоомжийн төсөлд саналаа өгөхөд нь иргэдэд арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэхэд онцгойлон анхаарна. Энэ зорилгоор УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийлттэй харилцах газар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх юм. Төв байгуулахдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтарсан. Хууль тогтоомж сурталчлах төв маань зөвхөн УИХ, ИТХ-аар хязгаарлагдахгүй Засгийн газрын шийдвэр, үйл ажиллааны талаар иргэдэд мэдээлэл хүргэх, иргэдийн хүсэл санаа бодлыг хүлээн авч төр засгийн бодлого шийдвэрт тусгуулах чиглэлээр өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулахаар болж байна.

Хамтран ажилласан Швейцарын хөгжлийн агентлаг, Тус агентлагын дарга Стефани Бурри, Дархан-Уул аймгийн ИТХ, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх” төсөл, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институтцийн чадавхийг бэхжүүлэх” төсөлд талархал илэрхийлье гэлээ. Тэрбээр мөн нээлтэд хүрэлцэн ирсэн Швейцарын холбооны улсын Гадаад харилцааны дэд сайд, Швейцарын хөгжлийн агентлагийн ерөнхий захирал, Элчин сайд хатагтай Патрисия Данцид онцгойлон талархал илэрхийлсэн юм.

Стефани Бурри: Мэдлэгтэй мэдээлэлтэй болоход хариуцлага хамт ирдэг

Нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри хэлэхдээ “Дархан-Уул аймгийн иргэд баталгаатай мэдээллийг хялбар байдлаар олж авах боломжтой болж байна. Мэдлэгтэй мэдээлэлтэй болоход хариуцлага хамт ирдэг. Мэдлэг мэдээллийн хүртээмжтэй байдал нь улс орны хөгжилд чухал үүрэгтэй болохоор та бүхэн мэдээлэл олж авснаар хамтын хариуцлага үүрцгээж байна. Маш чухал үүрэгтэй ач холбогдолтой төв учраас Монгол Улсын Их хурлын Тамгын газартай хамтраад Швейцарын хөгжлийн агентлаг дэмжлэг үзүүлж байгаа юм.

“Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх” төслийн хүрээнд бид орон нутгийн ИТХ-тай хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Ардчилсан засаглалтай улс орны хувьд ард иргэдээ бодит мэдээллээр хангах, шийдвэр гаргах үйл явцад иргэдээ оролцуулах нь чухал байдаг. Мэдээлэлтэй иргэд шийдвэр гаргах үйл явцад ухамсартайгаар оролцож чаддаг. Ардчилсан засаглалтай улс орнуудын хувьд иргэддээ хууль тогтоомжтой танилцах, санал бодлоо илэрхийлэх, хууль тогтоомжтой холбоотой сургалт сурталчилгааны ажилд оролцох боломж бий болгох чухал. Олон улсын туршлагын дагуу Монгол Улс, Швейцарын Холбооны улс хамтран орон нутгийн удирдлага оролцон хууль тогтоомж сурталчлах төв байгуулж байгаа юм” гэв.

С.Насанбат: Иргэд, хүүхдүүдийн өмнө үүд хаалгаа нээлттэй байлгана

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат “Монгол Улсад нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэн байгуулагдсан цагаас Швейцарын хөгжлийн агентлаг нутгийн өөрөө удирдах байгууллагын институтын чадавхийг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Нийслэл, 21 аймаг, 330 сумыг хамруулсан цахим хуудас бүтээсэн. Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгчдийн манлайлал сургалт хийсэн. Дархан, Сэлэнгийн сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг Сэлэнгэ аймагт зохион байгуулсан. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2015 оноос хэрэгжиж эхэлсэн төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөлтэй сүүлийн жилүүдэд үр дүнтэй хамтран ажиллаж, төслийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил Дархан хотод болон Монгол Улсын засаглалын шинэчлэлд үр дүнгээ өгч байгаа гэдэгт итгэлтэй байна.

УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Хууль тогтоомж сурталчлах төв” байгуулж, бүрэн дүүрэн ашиглах тал дээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нутгийн өөрөө удирдах байгууллага хурлын байгууллага бид санаачилгатай ажиллаж, хуулийг сурталчлан таниулах, “Өсвөрийн парламент”-аар дамжуулж хүүхэд багачууддаа парламентын боловсрол олгох, ардчилсан нийгэмд оролцоотой монгол иргэн төлөвшүүлэхэд энэхүү төвөөрөө дамжуулан олон арга хэмжээ зохион байгуулах болно. УИХ-ын гишүүд, иргэдтэйгээ уулзалт хийж, шат шатны ИТХ-ын төлөөлөгч нарын оролцоог хангах замаар Хууль тогтоомж сурталчлах төвийн үйл ажиллагааг тогтвортой тасралтгүй ажиллуулах болно. Иргэд, хүүхдүүдийн өмнө үүд хаалгаа нээлттэй байлгана. Орон нутгийн санхүүжилтийг хийнэ гэлээ.

Патрисия Данци “Мэдээлэл гэдэг миний хувьд бүх юмны үндэс”

Швейцарын Холбооны Улсын Гадаад харилцааны дэд сайд, Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирал, Элчин сайд хатагтай Патрисия Данци хэлэхдээ “Мэдээлэл гэдэг миний хувьд бүх юмны үндэс. Иргэддээ мэдээлэл өгөх үүд хаалга нээж байгаад баяр хүргэе. Мэдээлэл танд байж, түүнийгээ бусадтай хуваалцах боломжтой байна гэдэг танд байгаа том чадвар, түүнийгээ та ашиглаж байгаа хэрэг. Хүлээж авч байгаа хүмүүсийн хувьд ч чадавхижиж байгаа юм. Ардчилсан улсын иргэд төр засаг яаж ажиллаад байгааг ойлгож байж, ардчилсан засаглалаар амжилттай явна.

Та гэртээ сууж, хүүхдээ харж байхдаа ч энэ албан тушаалтан ийм шийдвэр гаргаж байна, түүнд нь би нөлөөлөх боломжтой юм байна гээд шийдвэр гаргахад оролцож байна гэдэг ардчилсан засаглал. Хууль тогтоомж сурталчлах төв байгуулахаар парламент, Засгийн газар, орон нутгийн удирдлага хамтраад ажиллаж байгааг харахад таатай байна. Орон нутгийн удирдлагын зүгээс цаашдаа санхүүжилт гаргана, үйл ажиллагааг нь тасралтгүй авч явна гэхийг сонсох сайхан байна” гэж онцолж байна лээ.