2010.04.12
Тайширын УЦС-ын асуудлааг асуулга тавилаа
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд Л. Гансүх,
Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Д.Зоригт танаа
Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Д.Зоригт танаа
Асуулга тавих тухай
Монгол орны баруун хязгаарын байгаль экологийн онцгой сонин тогтоц бүхий бүс нутаг болсон Их нууруудын хотгорын нэгэн хэсэг болох Хяргас нуурын хотгор нь Алтайн нуруунаас эх авсан Ховд, Буянт, Хангайн нуруунаас эх авсан Завхан, Хүнгүйн голуудаар тэжээгддэг Хяргас, Хар, Дөргөн, Далай, Хар ус нуур зэрэг Монгол орны томоохон нууруудаас тогтсон гадагш урсгалгүй онцлог бөгөөд экологийн сонин тогтоц бүхий ай сав нутаг гэдгийг хэн хүнгүй сайн мэдэх билээ.Энэ бүс нутгийн экологийн тэнцлийг хангахад онцгой нөлөө бүхий, ус чийгийн гол эх үүсвэр болсон Завхан гол дээр баригдсан Тайширын усан цахилгаан станцыг барьж байгуулахаас өмнө Завхан голын жилийн дундаж урсац голын дагуу Гуулинд 8.85 м3/с, Тайширт 8.64 м3/с, Дөрвөлжинд Шургийн гол цутгасны дараа дунджаар 14.0 м3/с Сар-Хайрхан орчим 11.8 м3/с улмаар Тээл орчимд 14.5 м3/с болж, Айраг нуурт 26.3 м3/с болж цутгадаг байсан байна.
Завхан гол Шургийн голтой нийлэхийн өмнө ихээхэн хэмжээгээр салаалж, Эрээн, Ажиг нуурыг үүсгэсэн түүхтэй бөгөөд энэ хоёр нуур нь зөвхөн их үерийн үед Завхан голын усаар тэжээгдэн уг голын урсгалыг зохицуулдаг нэг ёсны байгалийн хөв болдог онцлогтой юм. Завхан голын жилийн урсацын 15 хувь нь хаврын шар усны үерийн, 45 хувь нь зуны хур борооны, үлдсэн хувь нь газрын гүний усны тэжээгдэлээс бүрддэг ажээ.
Уг цахилгаан станц /УЦС/ 2007 онд баригдаж,голын усыг боон усан сандаа ус хуримтлуулж эхэлсэнээс хойшхи хугацаанд УЦС-ын далангаас доошоо гарах усны гарц нь эрс багасаж / 6.33 м3/сек-ийн оролттой ус 0.55 м3/сек-ийн гаралттай болж багассан нь хэмжилтээр тогтоогдсон байна./ Завхан гол 50-60 км урсаад тасарч элсэнд шургах болсоноос энэ голын сав дагуух нутагт нутаглаж, идээшдэг олон арван мянган хүн, олон зуун мянган малыг сүүлийн 3 жилийн турш ус, бэлчээрийн гачаалд оруулж, ихээхэн зутрааж байгаагийн гадна энэ бүс нутагт цөлжилт, хуурайшилтын үйл явц эрчимжиж, улмаар байгаль орчны тэнцвэрт байдал алдагдан ихээхэн доройтож байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр удаа дараа мэдээлж байгаагийн гадна иргэд , сонгогчид сэтгэл зовинон тус бүс нутгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний хувьд надад хандаж, санал, хүсэлтээ илэрхийлсээр байгаа билээ. Нөгөөтэйгүүр тус станцын усан сангийн усны түвшин зохих түшиндээ хэзээ хүрч, үйл ажиллагаа нь жигдэрч эхлэх вэ гэдэг асуудал хэн бүхний сэтгэл зовинуулж, хариугаа нэхсэн асуудал болоод байна.
Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн Байгаль орчны сайд Л. Гансүх, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д. Зоригт нар танаа дараахи асуулгыг тавьж байна. Үүнд:
- Тайширын УЦС-ын усан сангийн дүүргэлт, ашиглалтын явцад усан сангаас доошхи хэсгийн усны горимын өөрчлөлт, түүнээс үүсэн гарах сөрөг нөлөөллийг (Завхан гол тасрах, Ажиг, Эрээн нуур ширгэх болон Айраг, Хяргас нуурт усны түвшинд үзүүлэх сөрөг нөлөөллүүд) хэрхэн яаж бууруулх, ямар арга хэмжээ авч хэрэгүүлэх болон талаар Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд хэрхэн тусгагдсан, түүний дагуу авч хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүнгийн талаар тодорхой баримт, үзүүлэлт түшин танилцуулах.
- Төслийн явцад Тайшир, Дөргөний УЦС-ын тухай бүсийн байгаль орчинд үзүүлэх хам нөлөөг хамтад авч үзэж тооцсон эсэх, хэрэв тооцсон бол хам нөлөөний байдал ямар байгаа талаар тусгах.
- Тайшир, Дөргөний усан цахилгаан станцуудын Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дагуу байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөө болон байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт тусгагдсан ажлуудын гүйцэтгэлийн явц, үр дүн, санхүүжилтийн талаар тодорхой мэдээлэх
- Тайширын усан цахилгаан станцын усан санг усаар дүүргэж эхлсэнээс хойшхи хугацаанд ус дүүргэлтийн түвшин ямар хэмжээнд байгаа, энэ жил цахилгаан станц ашиглалтад орох эсэх, усны тогтмол ажиглалтын цэгүүдийг байгуулж байршуулсан эсэх, голуудыг боосноос хойш усны балансын нэгдсэн тооцоог сав газрын хэмжээнд шинэчлэн хийсэн эсэх, хэрэв хийсэн бол түүний үр дүнг / усан сангийн дээд доод хэсгийн урсац, нэвчилт, гүний усны алдагдал, ууршилт гэх мэт./ мэдээлэлд тодорхой баримттайгаар тусгах. Гуулингийн услалтын системийн усны алдагдал,зарцуулалтын тооцоог хамтад нь авч үзэж тусгах
- Нэр бүхий хоёр станцаас байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах талаар хийж буй ажил болон энэ дагуу энэ жилд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудыг тодорхой мэдээлэх
- Цөлжилт, хуурайшилт эрчимтэй явагдаж буй Монгол орны байгаль, цаг уур, экологийн эмзэг орчинд, энэ мэт нарийн үндэслэл, тооцоо муутайгаар усан цахилгаан станцыг цаашид барьж байгуулах нь хэр зөв болох талаар байр сууриа тодорхой илэрхийлэх зэрэг болно.
Асуулгын хариуг Улсын Их хурлын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд сонгохыг хүсье.
Хувийг: Засгийн газрын хэрэг эрхлэх газарт
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Д. БАЛДАН-ОЧИР
Ц. ДАШДОРЖ
Б. ЧОЙЖИЛСҮРЭН
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.