Монгол Улс зэс хайлуулах үйлдвэртэй болно
2010.04.13

Монгол Улс зэс хайлуулах үйлдвэртэй болно

Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаанаар Газрын тосны нөөц бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Зэс хerdenet_uildverайлуулах үйлдвэр барьж байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, ‘’Утаагүй Улаанбаатар’’ хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг  тус тус хэлэлцлээ.

УИХ-аас баталсан Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний цогц бодлого, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2008, 2009 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлүүдэд Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах ‘’ Эрдэнэт’’ үйлдвэрийг түшиглэн зэсийн баяжмал боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг удаа дараа дэвшүүлж ирсэн боловч тодорхой ахиц дэвшил гарсангүй өдий хүрсэн байна. Төрийн бодлогын баримт бичигт тусгалаа олсон энэхүү арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх, дэлхийн санхүү эдийн засгийн хямралын үе дэх техник тоног төхөөрөмж, материалын үнийн бууралт, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль хүчингүй болсон зэрэг хүчин зүйлүүдийг үндэслэн, Эрдэнэтийн зэсийг хайлуулах үйлдвэр барьж байгуулах ажлыг яаралтай эхлүүлэх нь шаардлагатай байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Түүнчлэн зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, шаардагдах хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэлээр Засгийн газарт хугацаатай үүрэг өгч, биелэлтийг нь УИХ авч хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгажээ.

УИХ-ын гишүүн Р.Раш, Д.Тэрбишдагва нар уг үйлдвэр барих нарийвчилсан тооцоо судалгаа, техник эдийн засгийн үзүүлэлт, байршил, эзэмшлийн талаар илүү тодотгож өгөх нь зүйтэй гэсэн  байр суурьтай байсан бөгөөд  дээрх саналын дагуу холбогдох  материалыг нийт гишүүдэд тарааж өгөхөөр боллоо.

Мөн гишүүдийн зүгээс зэс боловсруулах үйлдвэр байгуулах талаар олон жил яригдаад урагшилдаггүй шалтгаан чухам юунд байгааг сонирхлоо.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир зэс хайлуулах үйлдвэр  барих асуудал удаашралтай байгаа нь  зарим хүмүүст зэсийг боловсруулах  маягаар гадагш гаргах сонирхол байгаа юмуу гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн бол  Н.Батбаяр гишүүн  Эрдэнэт үйлдвэр 30 гаруй жил ажиллах хугацаандаа зэс хайлуулах үйлдвэр байгуулах сонирхол бага байгаа нь тэнд удирдлагад нь  ажиллаж байгаа хүмүүс  ийм үйлдвэртэй болохыг хүсэхгүй  байгаатай холбоотой гэж үзэж байгаагаа хэллээ.

Харин тус үйлдвэрийн байршлын хувьд Эрдэнэтэд  байх нь зүйтэй гэж УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн саналаа хэлсэн.

Л.Гантөмөр гишүүний хувьд энэ тогтоолын төсөлд зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах талаар Засгийн газраас оруулж ирэх саналыг тодорхой хугацаа зааж өгч,  хэрэв  хугацаандаа оруулж ирээгүй тохиолдолд тухайн асуудлыг хариуцаж байгаа ЭБЭХ-ний сайдыг огцруулах хүртэл арга хэмжээ авах   заалт оруулах нь зүйтэй гэлээ.

Зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай УИХ-ын тогтоолын  төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж Байнгын хорооны гишүүд үзэж,  100 хувийн саналаар дэмжлээ.


Референт Н.Дуламсүрэн
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.