Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг түр хугацаагаар хойшлуулав
2010.04.14

Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг түр хугацаагаар хойшлуулав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай хууpeople_commo_copyлийн шинэчилсэн найруулгын болон Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулиудын анхны хэлэлцүүлэг болон Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг тус тус хэлэлцлээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Одбаяр танилцуулсан. Тэрээр УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу тухайн асуудлыг хэлэлцэхэд салбарын сайд байлцана гэж заасны дагуу яамны сайдыг байлцуулан асуудлыг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнээр Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди хуралдаанд дуудагдан ирж гишүүдийн асуусан асуултад тайлбар өглөө.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль 1998 онд батлагдсан бөгөөд уг хуулиар тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардагдах энгийн ажил гүйцэтгэсэн ажилтанд олговол зохих хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогч болон ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын саналыг харгалзан Засгийн газраас жилд нэгээс доошгүй удаа тогтоохоор хуульчилсан байна.

Ийнхүү тогтоож байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний үйлчлэх хүрээнд зөвхөн хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч хамаарч байгаа учир бусад төрлийн, тухайлбал иргэний гэрээгээр ажиллагчдад үүнээс доогуур хөлс төлөх замаар эрх ашигийг нь хохироох явдал гарч байгаа аж.

Түүнчлэн боловсролын түвшин, мэргэжлийн ур чадвар шаардах ажилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хөлс төлөх, хоол, унааны хөнгөлөлт бусад нэмэгдлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд оруулан тооцох зэрэг буруу хандлага түгээмэл байгаа зэргийг харгалзан хуулийг хэрэглэх явцад гарч байгаа эдгээр хүндрэлтэй асуудлын талаарх ойлголтыг нэг мөр болгох зорилгоор хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг олон улсын нийтлэг хандлага, өөрийн орны онцлог нөхцлийг тусган боловсруулжээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэхдээ хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, улсын цалин хөлсний дундаж түвшин, нийгмийн даатгал болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ, эдийн засгийн хөгжлийн болон эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн бүтээмжийн түвшинг харгалзан үзэхээр тусгасан байна. Мөн тусгай мэргэжил, боловсрол шаардах ажилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хөлс төлөхийг хориглох заалтыг шинээр нэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сараар болон цагаар тогтоож байсныг өөрчилж зөвхөн цагаар тогтоон зохицуулахаар оруулжээ.

Хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Гишүүн П.Алтангэрэл, манай нөхцөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тогтоох асуудлыг зөвшилцлөөр шийдэх цаг, хугацаа болоогүй. Харин үйлдвэрчин, ажил олгогч эздийн холбоо энэ асуудлыг сайтар судалж, нягтлаад Засгийн газарт оруулдаг жишгээр явах нь оновчтой гэсэн санал гаргасан бол З.Алтай гишүүн, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг саяхан 108 мянган төгрөг болгосон. Юу нь болохоо байчихаад байгаа юм бэ. Гадна жагсаал цуглаан болохоор л айгаад нэмье гээд байдагаа болих хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн энэ өөрчлөлтийг дааж гарах юм уу, тэдэнд энэ бол маш том дарамт үүсгэдэг. Цалин, тэтгэвэр нэмлээ гээд өргөн хэрэглээний бараа дагаад өсдөг. Цалин, тэтгэвэр нэмсэн нэмээгүй дүндээ л дүн. Гол нь ажлын байр шинээр бий болгох хэрэгтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн С.Эрдэнэ гишүүн гурван талт зөвшилцлийн байгууллагууд өнөөдөр нийгмийн төлөөлөл болж чадаж байна гэхэд хэцүү. Үүнийг шударга хэлэх цаг болсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх асуудлыг хариуцсан салбар, агентлаг урьдчилан ярьж баахан реклам явуулчихдаг. Үүний сургаар өргөн хэрэглээний барааны үнэ хэд дахин өсч инфляцийг хөөрөгддөг. Бид өнөөдөр тоо хөөцөлдөлгүй бодит орлогыг нэмэх асуудал ярих ёстой. Хуулийн төсөлд монгол ажилчны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг яаж тогтоосон юм бэ. Өнөөдөр хуульчлагдаагүй хөдөлмөрийн хөлс үйлчлээд эхэлсэн байна. Үүнд яам анхаарах хэрэгтэй гэлээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх гэж байгаа юм биш. Цалин, тэтгэвэр нэмэгдвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ механикаар өснө. Цалин, тэтгэврийг нэмэх асуудал хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрийн дагуу удахгүй яригдана.Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт харилцан ойлголцол, тохиролцоонд авч үзэж зөвшилцллөөр шийдвэрлэх механизм бий болгосноор тэдний эрх ашгийн тэнцвэрт байдлыг хангахад чухал нөлөөтэй гэсэн хариултыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд өгсөн. Мөн тэрээр, цалин, тэтгэврийг тодорхой хувиар нэмэхдээ хувийн хэвшлийнхнийг бодолцож тооцоолох нь зүйн хэрэг. Гурван талт хэлэлцээрээр аль нэгэн тал давамгай эрх эдлэхгүй бөгөөд зөвшилцөлд хүртэл нэг бодлогоор асуудалд хандана гэсэн тайлбар хийлээ.

Асуулт хариулт дууссаны дараа ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллоор санал хурааалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ. Эцэст нь хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Одбаярын горимын саналыг гишүүд зуун хувь дэмжив.

Үүний дараа Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

УИХ 2001 онд уг хуулийг батлан хэрэгжүүлж эхэлснээс хойш зуучлалаар нийт 30,000 орчим иргэн БНСУ, Япон, БНЧУ, БНУУ-д хөдөлмөр эрхэлж, үйлдвэрлэлийн дадлага хийсэн байна. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэаж, гадаадын зээл, тусламжаар томоохон бүтээн байгуулалтын ажил өргөжсөнтэй холбогдон гадаадаас ажиллах хүч авах явдал нэмэгдэж байгаа ажээ. Хөдөлмөрийн зах зээлийн байдлын тайлангаас үзэхэд 2001 онд 5626 гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгоөж байсан бол 2009 онд 31041 болж өсчээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан П.Алтангэрэл гишүүн хуучин хууль муу байгаагүй. Манайх хуулиа өөрсдөө хэрэгжүүлж чадаагүй. Иймд хуучин хуулиа засч нэмэлт, өөрчлөлт оруулахад болохгүй зүйлгүй. Энэхүү шинэ хуулийн төсөл хуучнаасаа дордож ухралт хийсэн харагдаж байна гэсэн байр суурьтай байсан бол гишүүн Л.Гүндалай,зуучлагч байгууллагыг олноор байгуулаад баймааргүй байна. Эдгээр байгууллагууд иргэдийн мөнгийг авч луйвардан үрэн таран болгосон асуудал олон гараад байгаа. Баахан зуучлагч байгууллага бий болж зөвшөөрөл авах юм байна. Энэ асуудал дээр анхаарах хэрэгтэй.Гадаадаас ажилчид оруулахгүй байх гол асуудал бол мөнгөн барьцаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэн барьцааг нэг хүнээс авч байя гэсэн саналыг би дээхнэ оруулж байсан. Ингэж чадвал тэр бүр олон зуун хүн дураараа орж ирэх боломжгүй болно. Зөвшөөрөл олгоод гадаадынхныг оруулаад байдаг байдлаа хэзээ зогсоох юм бэ гэж байлаа.

Түүнчлэн С.Эрдэнэ гишүүн энэ бол нарийн зохицуулалт шаардсан хууль. Байнгын хороо ажлын хэсэг гарган сайтар нягталж, төгс төгөлдөр болгох ёстой гэж үзэж байна. Энд хүний эрхтэй холбоотой маш олон асуудал хөндөгдөж байна. Гадаадад ажиллуулах нэрээр хүний наймааны гэмт хэрэг гарч байгаа. Энэ хууль өнгөц харахад эерэг үр дүнтэй мэт байгаа ч сөрөг талыг нь бас харах хэрэгтэй. Солонгост хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэдийн хөдөлмөрийн нөхцөл үнэхээр хүнд байгааг бид мэднэ. Хүний эрхийн шаардлага хангасан нөхцөл тэнд байхгүй. Хууль шинэчлэх нь зайлшгүй.Хуулийг түргэн гоомой бус чанартай гаргах нь гол асуудал гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Байнгын хорооны дарга Д.Арвин ч уг хуулийн төслийг өмнөх хуулиасаа дордсон байна хэмээн үзэж буйгаа хэлж зуучлагчийн эрх ашгийг өндөрт тавьж тэдний хүсэлтээр гадны ажилчин орж ирэхээр болсон байна хэмээн шүүмжилсэн юм.

Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж хуулийн төслийг эргэн сайтаð нягталж сайжруулах хэрэгтэй хэмээн үзэж удахгүй чуулганаар хэлэлцэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуультай уялдуулан хамтад нь хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж хуулийн төслийг хэлэлцэхийг түр хугацаагаар хойшлуулахаар тогтов.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.